Энэ сарын 18-ний өдөр ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай хүүхэд алга болсон хэрэг гарсан билээ. Хүүхэд алга болсон дуудлага тус өдрийн 20:00 цагт цагдаагийн 102 утсанд ирсэн бөгөөд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд 23:30 цагт эмийн сангаас олсон юм. Хүүхдийг дагуулж явсан өдөр өнжүүлэхийн багшийг Энхтуул гэх бөгөөд 49 настай аж. Түүнийг өчигдөр өглөө батлан даалтаар сулласан байна.
Алга болсон хүү Баянгол дүүргийн XV хороонд орших “Амила” өдөр өнжүүлэхэд явдаг байжээ. Харамсалтай нь, “Амила” өдөр өнжүүлэх гэсэн хаяг хадсан тус газар нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг далимдуулж, ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн боловсон хүчингүй, стандартын бус орчинтой өдөр өнжүүлэхийн тоо олширч буй гэв.
Түүнчлэн хүүхэд асрагч ажилд авах бол хувийн хэргийг нь нягталж үзэх, харилцан гэрээ байгуулах ёстойг анхаарууллаа. Тодруулбал, Баянгол дүүрэгт холбогдох зөвшөөрөл авалгүй, стандартын бус газар үйл ажиллагаа явуулж байсан хоёр өдөр өнжүүлэхийн үйл ажиллагааг зогсоосон байна.
Мөн хүүхэд асрагчаар ажиллаж байсан эмэгтэй ажлын цагаараа архидан согтуурсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоожээ.
Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун хэвлэлд мэдээлэлд өгсөн ярилцлагадаа " Баянгол дүүргийн XXII хорооны “Бяцхан жаалууд”, XX хороо “Сөдөөхөн” өдөр өнжүүлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон. Тиймээс эцэг, эхчүүдэд анхааруулахад тухайн газар нь зөвшөөрөлтэй эсэхийг шалгах, цаашлаад гэрээ байгуулах хэрэгтэйг анхааруулмаар байна. Түүнчлэн хүүхэд асрагч ажилд авах гэж байгаа бол хувийн хэргийг нь нягталж үзэх, гэрээ байгуулах шаардлагатай. Учир нь хүүхэд асрагч нь ажлын цагаараа архидан согтуурсан хэрэг гарсан." гэжээ.