Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 тоот тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх ням гарагт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын эрдэмтэн, судлаач, багш, оюутан та бүхэндээ Шинжлэх ухааны ажилтны өдрийн мэнд дэвшүүлье.
Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг бодлогын баримт бичигт гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй байгууллагын хүний нөөцийг сургах, чадавхжуулах зорилго, зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.
Энэхүү зорилгын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар нь Гамшиг судлалын хүрээлэн, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Давтан сургалт, сэргээн заслын төв, Онцгой байдлын албаны музей, архив болон “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо зэрэг сургалт, эрдэм шинжилгээний нэгжүүдийг байгуулан ажиллаж байна. ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн нь энэ жилийн “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан “Онцгой байдлын байгууллагын сургалт, эрдэм шинжилгээний нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2018-2020”-ийг батлууллаа.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бодлого, эрхзүйн орчин, практикт тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан, уламжлал, шинэчлэлийг хослуулан шийдвэрлэх талаар дэвшүүлсэн эрдэмтэн, судлаачдын үзэл, бодол, дүгнэлт санал, судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлэх “Гамшиг судлал, инноваци” онол, арга зүйн мэргэжлийн сэтгүүлийн анхны дугаарыг хэвлүүлээд байна.
Түүнчлэн шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээнд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах аливаа үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, энэ төрлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхжүүлэх зорилгоор хошууч генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” шилдэг бүтээлийн үндэсний уралдаан зарлаж анхны шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан.
Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан Нөөц судлалын төв нь байгалийн эрдэст багсармал тэжээлийн үйлдвэр болон ганд тэсвэртэй, нутагшсан сортын үр гарган авах, тариалах зэрэг судалгааны ажлуудыг амжилттай эхлүүллээ. Түүнчлэн 2018 онд гамшиг судлалын 18 магистр, 2 доктор төрөн гарсан зэрэг амжилттайгаар “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Онцгой байдлын албаны эрдэмтэн, судлаач нарынхаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсч, гамшгийн эрсдэлийг бууруулах үйлсэд инноваци, шинэ мэдлэгээ түгээхийг хүсэн ерөөе.
Онцгой байдлын ерөнхий газар