Өдөр өнжүүлэхийн багш нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэд орхиж явжээ

Өчигдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд 20 цагт 40 дүгээр сургуулийн 1 дүгээр ангийн 6 настай сурагч хүү алга болсон мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч 50 алба хаагч хүүг хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж Баянгол дүүргийн 14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт самналт хийж 23 цаг 30 минутад 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангаас эсэн мэнд олж эцэг эх ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ. 

Урьдчилсан байдлаар 6 настай хүүг өдөр өнжүүлэхийн багш авч явах хугацаандаа орхин явж гээгдүүлсэн асуудал тогтоогдоод байна. Мөн өдөр өнжүүлэхийн багш эмэгтэй 49 настай, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохыг тогтоож эрүүлжүүлэх арга хэмжээг авсан байна. 

Зургаан настай хүү  дөрвөн цаг орчмын турш эмийн санд зогсоход хэн ч түүнээс хэнтэй явж байгаа, аав ээж нь хаана байна гэж асуугаагүй. Эмийн сан ч анзаараагүй байна. 

Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ өдөр өнжүүлэх төвд өгөхдөө тухайн газрын үйл ажиллагааны аюулгүй байдал, найдвартай эсэхийг нягталж шалгаж судлахыг цагдаагийн газраас  зөвөллөө.