Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байрны нээлтээ өнөөдөр хийлээ.
Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус ангийн барилга нь 4 автомашины тавиулан, оффис, бялдаржуулах танхимтай, 1399 м2 талбай бүхий хоёр давхар иж бүрэн цогцолбор юм.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь анх 1989 онд байгуулагдсанаас хойш өдгөө 30 жилийн түүхэн хугацаанд дүүргийн болоод Төв аймгийн Баян, Баянцагаан, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт гарсан гамшиг осол, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Он гарсаар нийт 17 удаагийн дуудлагаар ажиллаж, 12 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 13,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Түүнчлэн ард иргэдийн амь нас, өмч хөрөнгийг тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх бүхий л үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн орон нутгийн хөрөнгөнөөр хяналтын пост ажиллуулах зөөврийн байр, цахилгаан үүсгүүр генератор, шуурхай албаны фургон автомашин, УАЗ-469, Истана автомашинуудыг шийдвэрлэж өгсөн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар