Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос зохион байгуулж буй "Монголын төрийн бус сургуулиудын улсын III чуулган 2018 оны 11 сарын 14-ний 10 цагаас Holiday Inn зочид буудлын 2 давхрын хурлын танхимд зохион байгуулагдана. Чуулганд УИХ-ын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн А. Ундраа, БСШУСЯамны сайд Ц. Цогзолмаа нар болон БСШУСЯ, Сангийн яам, НБГ, НМХГазрын дарга нар ирж оролцоно. Энэхүү чуулганд нийт Монгол улсын төрийн бус өмчийн 100 гаруй сургуулийн төлөөлөл оролцоно.
Тус чуулганы зорилго нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нартай санал бодлоо солилцох, тэдэнд дуу хоолойгоо хүргэх, тулгамдсан асуудлаа ярилцах, хамтран ажиллах, хувийн сургуулиудын тухай нийгэм дэх ойлголтыг гүнзгийрүүлэх юм.
Тус холбоо нь хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх, сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, хувийн сургуулиудын үйл ажиллагааг нэгтгэн, эрх ашгийг хамгаалах зорилгоор 1999 онд байгуулагдан 19 дэх жилдээ 70 орчим идэвхитэй гишүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Төрийн бус өмчийн сургуулиуд 1990-ээд оноос хойш төрийн ачааг үүрэлцэж байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар 147 сургууль 39000 хүүхдийг сургаж, 3000 гаруй багшийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлага хүлээн, багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэн ажиллаж байна.
Хувийн сургуулиуд хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт шууд хэлбэрээр татаж сургалтын төлбөр, үүсгэн байгуулагчийн хөрөнгө оруулалт, хандивыг хуримтлуулж, сургалтын орчинг тасралтгүй сайжруулах, хүүхдийн эрдэм ном, ирээдүйн сайн сайхны төлөө боловсролын үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай, хүртээмжтэй байлгахын тулд өөрсдийн боломжит бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж нийгмийн хариуцлагатай албыг хашиж, улсын тэргүүлэх салбарын нэг боловсролын салбарын ачааг үүрэлцэж байна.