УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхлэхээр болсон тухайгаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өчигдөр МАН-ын УЗ-ийн хурал болж өндөрлөсөн. Хурлаар үндсэндээ гурван асуудлын талаар ярилцлаа.
Энд, Нэгдүгээрт, бүлгийн даргыг огцруулах асуудлыг намын дарга санал болгосон. Хоёрдугаарт,Нийслэлийн Засаг даргыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх саналын НИТХ-д тавих асуудал. Гуравдугаарт, намын дарга өөрөө УИХ-ын даргыг ажлаа өг гэдэг шаардлага тавьсан.
Хоёр асуудал дээр нь шийдвэр гарсан. УИХ-ын даргын асуудал бол тусдаа. Үүнийг бүлэг, удирдах зөвлөл шийддэг асуудал биш. Үндсэн хуульд заасан огцрох гурван үндэслэлтэй албан тушаал. Бүлгийн даргыг огцруулна гэдэг шийдвэр гаргасан. Мөн С.Батболд даргыг ажлаас чөлөөлөх чиглэлийг НИТХ-д өгнө гэсэн.
Миний хувьд зарчмын гурван шаардлага тавьсан. Нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрийн зээлтэй холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөл гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, ЖДҮ-тэй холбогдсон хүмүүс дотор ББСБ, хадгаламж зээлийн хоршоогоор мөнгөө дамжуулж, ард иргэдийн шулан мөлжсөн гэх хардлага байгаа. Үүнийг нягталж, хэрэв ийм зүйл байвал хуулийн байгууллагад шилжүүлж, хариуцлага тооцох ёстой. Гуравдугаарт, намын улс төрийн албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьсан.
Би өчигдрийн УЗ-ийн хурал дээр хэлсэн. Өнөөдрийг хүртэл миний болон өөр хүний бланк дээр Засгийн газрыг огцруулах талаар гарын үсэг зураагүй. Надад тийм санал ирээгүй гэдгээ хэлсэн. Хэрэв та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол битгий бусад хүн рүү хард. Би өөрийнхөө бланк дээр Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гишүүдийн гарын үсгийг цуглуулаад өргөн барина гэдгээ мөн хэлсэн.
Нэгэнт хууль бус үйлдэл хийж, түүнийг нь хэлсэн хүнтэй хариуцлага тооцож байгаа. Хариуцлага тооцох хүмүүсээсээ хазайсан, байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Алдаагаа засах, энэ том намыг авч явах, Засгийн газрыг толгойлж явах чадвар энэ хүнд байхгүй гэж би үзэж байна. Тиймээс би өнөөдрөөс эхлээд энэ хүнийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж УИХ-д өргөн барина.
Хэрэв ажил төрлөө хэвийн хийгээд, шударга ёс тогтооно гэсэн зарчимдаа тууштай байгаа бол Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих ёстой. Өнөөдрийг хүртэл бүлэг Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ирсэн. Засгийн газраас оруулж ирсэн асуудал дээр бүлэг, УИХ дэмжихгүй гаргасан асуудал нэг ч байхгүй. Бүх асуудлыг нь дэмжиж, ажил төрлийг нь шуурхайлахын төлөө дэмжин ажиллаж байсан. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа бухимдалд хариултыг нь буруу өглөө. Би бүлгийн даргаас огцрох нь надад сонин биш. Би намын гэхээсээ илүү Монгол Улсын эрх ашгийг илүүд үзэж байна. Шударга ёс алдагдлаа гэдгийг хүн бүхэн ярьж байгаа хэрнээ ярьж байгаагаасаа тэс өөр шийдвэр гаргаж байгаа нь өөрөө шударга ёсны төлөө тэмцэх чадваргүй гэдгээ харуулж байна. Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө хичээж ирлээ. Гэтэл сайд нар нь зарчмын зөрүүтэй юм ярьдаг. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудал дээр сайд нар нь санал зөрөлдөөд маргалдаад байдаг Засгийн газрыг үзээгүй.
Би гишүүдийг “гарын үсгээ зур” гэж ятгахгүй. Өөрийнхөө үзэл бодлоор гишүүдтэйгээ уулзана. Бүлгийн даргаас огцрохгүй бол тусгай хариуцлага тооцно гэсэн утгатай зүйл намын дарга хэлсэн. Бодвол дараагийн хариуцлага нь намаас хөөх л байлгүй. Намын даргын болчимгүй үйлдлийг шүүмжилсэн нь намын нэр хүндэд халдсан болжээ. Манай намын гишүүд, дэмжигчид намын дарга У.Хүрэлсүх гэдэг хүнийг бурхан шиг тахих ёстой, шүүмжилж болохгүй юм байна.
Намайг ЖДҮХС-аас зээл авсан мэтээр гүтгэж эхэллээ. Гэхдээ би болоод миний хамааралтай компани энэ сангаас зээл авсан бол би хариуцлагаа хүлээгээд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэнэ гэдгээ албан ёсоор илэрхийлье." гэсэн юм.