МАН-ын УЗ-ийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байгаа. УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага тооцож, ажлаа өгөх асуудлыг ярилаа. Ингээд энэ асуудлаар хэлэлцэж шийдээд өнөөдөр МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Д.Хаянхярваагын асуудлыг оруулж ярих гэж байна.
Өчигдөр хотын дарга Су.Батболдын талаарх өөрийнхөө байр суурийг намын дарга НИТХ-д тавьсан байгаа. Харин УИХ-ын дарга М.Энхболдын тухай асуудлыг өнөөдөр бүлгийн хурлаар танилцуулахаар бүлгийн хурал зарлаад байж байна.
МАН-ын УЗ-ийн 29 гишүүн байдгаас 28 нь хуралдаа ирсэн. Гишүүд Д.Хаянхярваа даргыг 16:12 харьцаатайгаар огцрохыг, Хотын дарга Су.Батболдын тухайд 15:12-ын харьцаатайгаар ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж дэмжсэн байгаа.
Монгол улс хуультай түүнтэй адилхан МАН өөрийн гэсэн дүрэмтэй. Үүний дагуу МАН-ын хяналтын ерөнхий хороо, түүний ёс зүйн хороо хуралдсан. Ёс зүйн ерөнхий хороо арваннэгдүгээр сарын 7-ны өдөр хуралдаад асуудлыг бүхэлд авч үзэх нь зүйтэй гэж үзсэн.
ЖДҮХСангаас зээл авсан гишүүдийн асуудлыг ойрын хугацаанд УЗ болон ээлжит бус МАН-ын Бага, Их хурлыг зарлах шаардлагатай гэсэн шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан. Энэ шийдвэрээ бид намын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нарт хүргүүлсэн. Үүний дагуу энэхүү шийдвэрүүд гарсан." гэлээ.