“Төрийн өмчит орон сууцны корпораци”-ийг ХХК болгон өөрчлөв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Төрийн өмчит орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөв. Хариуцлага, хяналтын тогтолцоо, менежмэнтийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Ингэснээр компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзлээ.

“Төрийн өмчит орон сууцны корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болоод байна.

Гамшгийн түвшинг шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ

Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох журмыг батлав. Гамшгийн зэрэглэлийг орон нутгийн /шар/, бүс нутгийн /улбар шар/, улсын хэмжээний /улаан/ гэж тогтоох юм байна. Ингэхдээ гамшигт нэрвэгдсэн болон амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, хор уршгийг арилгахад оролцсон хүн хэрэгсэл зэргийг харгалзан үзнэ.

Тухайлбал хоёр хүртэл аймаг, дүүргийг хамарсан гамшигт 10-100 хүртэл хүн нэрвэгдэж 10 хүртэл хүн амиа алдсан бол зэрэглэлийг орон нутгийн гэх бөгөөд түвшинг шар өнгөөр тэмдэглэх юм.

Гурав ба түүнээс дээш аймаг, дүүргийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол бүс нутгийн буюу улбар шар, хоёр ба түүнээс дээш бүс нутаг, нийслэлийг хамарч 100-аас дээш хүн нэрвэгдэн, 10-аас дээш хүн амь насаа алдсан бол улсын хэмжээний гэж үзэн улаан өнгөөр тэмдэглэхээр боллоо.

Товч мэдээ

-  Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яаманд, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшихээр холбогдох журамд өөрчлөлт оруулав.

-  Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Зорчигчийн хоол бэлтгэх зориулалттай катерингийн барилгыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг “Скайкатеринг” компанитай байгуулахыг зөвшөөрөв.  Төрөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй юм байна.

-  “Монголын үндэсний маркетингийн холбоо”-ны саналыг үндэслэн  жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг “Монголын маркетеруудын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.