Ерөнхий сайд дэд бүтэц, бүтээн байгуулалтын бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах барилга угсралт, Бүс нутгийн тээвэр Логистикийн төв, Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах ажилтай танилцав.

БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн барилгыг гэрээний дагуу энэ оны зургаадугаар сараас эхлүүлээд байгаа билээ. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг сараар ахицтай бөгөөд 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Автозам барих, төмөр зам тавих, эрчим хүч дамжуулах агаарын сүлжээ байгуулах ажлууд хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 27 км тавигдах төмөр замын барилгын угсралт 50 орчим хувь, автозамын барилгын ажил 35 хувь, эрчим хүч дамжуулах агаарын шугам татах, цахилгаан дамжуулах дэд станц барих ажил 85 хувийн гүйцэтгэлтэй буюу дэд бүтцийн барилга угсралт дунджаар 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Газрын тосны үйлдвэрийг байгуулах нь монгол хүн бүрийн зорилго байх ёстой. Үр дүн нь хувь хүн, айл гэр бүрт мэдрэгдэх нь дамжиггүй. Тиймээс Газрын тосны олборлолтыг дотооддоо явуулж, үйлдвэрийг барьж байж нефтийн үнэ, ханшийн давалгаанаас эх орноо хамгаална. Монголчууд бид нефтийн бүтээгдэхүүнээ ам доллараар худалдан авч, дэлхийд нефтийн үнэ өсөх тусам даган нэмэгдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ уялдан тогтоогдож байна. Дэлхий дахинд эдийн засгийн чимээгүй дайн дэгдэж, том гүрнүүд худалдааны дайн эхэлж, сөрөг үр дүн нь Монгол Улсад мэдрэгдэх боллоо. Бид үүнээс сэргийлэх, ард түмнээ хамгаалах шаардлага байна. Тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд гурван зүйл хийх ёстой. Нэгдүгээрт эрүүл хүнсээр ард түмнээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа хадгалах, хоёрдугаарт эрчим хүчний хараат бус, аюулгүй нөхцөлөө бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлаа чандлан хамгаалах, гуравдугаарт нефть тослох материалыг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнийг Засгийн газар шийдэж чадвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулсан хүчирхэг улс болох юм. Улмаар эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаанаа хөгжүүлэх тухай бодлогын зорилт, түүний хэрэгжилт дээрх гурван асуудалтай шууд холбоотой. Тиймээс бид нефтийн үйлдвэрээ дотооддоо байгуулахаар хичээн зүтгэж байна. Нефтийн үнэ ханшийг хүчээр барьж, тогтворжуулах зорилгоор цаасан мөнгө хэвлэж чадахгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, түр зуурын арга хэмжээ авснаар хэсэг хугацааны дараа илүү хүндрэл авчирч байсан гашуун туршлага бидэнд бий. Иймд төгрөгийн ханшийг унагаж, иргэдийн худалдан авах чадварыг улам сулруулж, үнэгүйдүүлэн цаасан мөнгө хэвлэх арга хэмжээ авахгүй гэдгээ хариуцлагатайгаар ард түмэндээ дахин мэдэгдэж байна. Хүндрэлтэй нөхцөлөөс гарах гарц нь дотоодын нефтийн үйлдвэртэй болох явдал. Энэ нь нэг тэрбум ам.доллараар гадаад зах зээлээс нефтийн бүтээгдэхүүн авахгүй, төгрөгийн ханш сулрахгүй, гадны улс орнуудад их хэмжээний валют нийлүүлэх шаардлага үүсэхгүй гэсэн үг юм. Монгол Улсын Засгийн газар ард түмний ажил, амьдралтай шууд холбоотой энэ асуудлын төлөө эрс шийдэмгий, хурдтай ажиллахыг хичээж байна. Бид зорьсондоо хүрнэ гэдэгт итгэж байна. Энэ бол түүхэн бүтээн байгуулалт юм” гэв.