Энэ сарын 13, 14-нд бүх нийтээр мод тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 13, 14-нд болох талаар Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, "Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж" ОНӨҮГ болон Сум дундын ойн анги хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жил сархиа уулын баруун салаа, баян өндөр уулын энгэр, хүрэн булгийн ам, чимээгүй хотын урд хэсэг, зүүн гурван замын уулзвар хүртэлх нийт  5 хэсэгт 3900  мод тарихаар төлөвлөжээ. 

Энэ жил 5 байршилд 3900 орчим мод тарихаар бэлтгэл ажлыг мэргэжлийг байгууллагууд хангасан. Дээрх өдөр Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж ОНӨҮГ-ын мэргэжилтнүүд мод тарьж буй иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм. 

Мөн 10 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 14 хүртэл “Тарьц суулгац”-ын үзэсгэлэн худалдаа байгуулагдана. Иймд  Бүх нийтээр мод тарих өдөрт иргэд  үзэсгэлэн худалдаанаас тарьц суулгацаа худалдан авч, багаж хэрэгсэл, бээлий, усны сав зэрэг шаардлагатай бэлтгэл ажлаа хувийн зүгээс хангаж оролцохыг уриаллаа. 

Дашрамд дурдахад, Аймгийн хэмжээнд 2016 оноос хойш  тарьсан модны амьдралтын хувийг намрын тооллогоор тогтоожээ. Өнгөрсөн хавар зохион байгуулагдсан мод тарих өдрөөр тус аймгийн Сархиа болон Баян-өндөр уулын энгэр, Баян булгийн хойд талд тарьсан моднуудын ургалт 98 хувьтай гэх дүгнэлт гарчээ.