Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийтийн Биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран “Дугуйн өдөр” бүх нийтийн арга хэмжээг маргааш зохион байгуулагдах гэж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Дугуйн өдөр” -өөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдад зориулсан олон уралдаан, тэмцээн болох юм.
Дугуйн парад: 09:30-10:30 цагийн хооронд болно. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас – Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулах юм.
Дугуйн парадад дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно.
Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болох юм байна.
Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай зохион байгуулагчид онцоллоо. Шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй. Уг парадад оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцах ажээ.
Дугуйн парад болон дугуйн тэмцээнд оролцогчид нь заавартай сайн танилцаж, заавал хамгаалалтын дуулга буюу касктай байх шаардлагатай юм байна.