Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болж буй гадаадын иргэдэд олгох визний журмаа хөнгөлж байгаа тухайгаа өнөөдөр /2018.10.08/ мэдээллээ.
Тодруулбал, Гадаадын иргэнтэй гэр бүл болж буй Өмнөд Солонгосын иргэн нь гэр бүл болж буй хүнийхээ төрөлх хэлийг доод тал нь 3 сар судалсан, эсвэл тухайн хэлний түвшин тогтоох шалгалтыг амжилттай өгсөн бол гадаад эхнэр/нөхөрт нь БНСУ-ын визийг олгох ажээ.
Өмнө нь солонгос хүнтэ гэр бүл болж байгаа гадаадын харьяат эхнэр/нөхрөөс Солонгос хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг байсан бол шинэчилсэн журмаар виз хүсэгч хосууд Солонгос хэлний мэдлэгээ шалгуулахын оронд гадаад эхнэр/нөхрийнхөө эх хэлний мэдлэгийг тухайн улсын элчин сайдын яамны төлөөлөгчөөр шалгуулах давхар сонголттой болсон гэнэ. Дээрх шинэчилсэн журам нь зөвхөн хүүхэдтэй эсвэл эхнэр нь жирэмсэн хосуудад үйлчлэх юм байна.
Ийнхүү гэр бүл болж буй хосуудад хэлний мэдлэгтэй байх ижил тэгш эрх олгосноор харилцан бие биенийхээ төрөлх хэлээр ойлголцож, амжилттай гэр бүл болон амьдрахад тустай гэж үзэж байгаагаа яамны мэдэгдэлд тайлбарлажээ.
Эх сурвалж: http://www.yonhapnews.co.kr/