Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хүлээн авч өчигдрийн нэгдсэн хуралдаанаар түүнийг чөлөөлсөн. Улмаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн билээ.
Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн санал авсан Я.Содбаатарыг Эдийн засгийн байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
ТОВЧ НАМТАР:
- Я.Содбаатар нь Физикч-инженер мэргэжилтэй. Удирдлагын ухааны магистр, түүхийн ухааны доктор цолтой.
- ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- МАСЗХ-нд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга,
- Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, дэд сайд,
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга,
- Улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байгаад 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн,
- 2016 оноос УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.