Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг, аравдугаар сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасны дагуу зарим аймаг, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль 2018 оны аравдугаар сарын 07-ны Ням гарагт явагдах гэж байна.
Сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батлан мөрдүүлж байгаа бөгөөд нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахаар хоёр аймгийн сонгуулийн хороо, 5 сумын сонгуулийн хороо, нэг дүүргийн сонгуулийн хороо, 18 хэсэгт санал авах байр байгуулагдан сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар ажлын бэлтгэлийг хангаж дууссан байна.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 21007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа бөгөөд Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас нийт 15 нэр дэвшигч бүртгэгдэн саналын хуудсанд бичигдсэн байгаа аж.
Нөхөн болон дахин сонгуулийн санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулна.