УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан билээ. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо 2019 оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өгч байна.