Олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн Мишээл экспо төвд үргэлжилж байна. 

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, гарааны компаниудад хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй уулзах боломжийг олгодог уг арга хэмжээнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгааг зохион байгуулагчид хэлж байна. 

12 дахь жилдээ “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулсан юм. 

Үзэсгэлэнгийн үеэр ЗГХЭГ-ын дэд дарга, сайд Г.Занданшатар “Бидний амьдарч буй эрин үе бол аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрин үе. Энэ хувьсгал Монгол Улсад хэрэгжих боломжтой юм. Зарим компаниуд түүчээлэн төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн хөгжилд онцгой ач холбогдол өгч Мэдээллийн технологийн үндэсний зөвлөл, УИХ-д Цахим бодлогын түр хороог байгуулан ажиллаж байна. Хамгийн гол нь хүнд сурталгүй, авлигагүй, цаг хугацааг нь хэмнэсэн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд мэдээллийн технологийн шинэ ололт амжилт чухал ач холбогдолтой” хэмээн ярилаа. 

Үзэсгэлэнгийн үеэр мөн цахилгаан соронзон орны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаарх  ойлголт аппликейшныг танилцуулсан юм. Энэхүү апп-иас та цахилгаан соронзон орон, гар утас, WIFI төхөөрөмж, бичил долгионы зуух болон ТВ таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг эсэх талаар мэдээллийг авахаас гадна төрөл бүрийн зөвлөгөөнүүдийг авах боломжтой юм байна.