Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2018.10.01 ) 10 цаг 03 минутад гишүүдийн 83.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон.
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв.
Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, “Төрийн чадавхийг сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх, шаардлагатай бол ямар чиглэлээр оруулах вэ гэдгийг хоёр жилийн хугацаанд судалж, эрдэмтэн мэргэд, ард иргэдтэйгээ зөвлөлдсөн. Орон даяар хэлэлцүүлэг явуулж, иргэдийнхээ саналыг авснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон. Одоо хуулийн дагуу холбогдох байгууллагуудаас санал авч байгааг” онцлоод “Энэ бол нэг намынх биш, хэд хэдэн парламент дамжин яригдаж, судлан шинжилж, ард түмнийхээ санал бодлыг шингээн, нийтээрээ хамтарч боловсруулсан төсөл. Тиймээс хэлэлцэхийг эрмэлзэх нь зүйтэй” гэдгийг дурдлаа.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга, 2018 оны 01 дүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 09 дүгээр сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой. Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо, зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг 546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриалав.
Мөн тэрбээр, Энэ жил агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд ямар дорвитой өөрчлөлт гарах вэ гэж асуумаар байна. Зарцуулсан хөрөнгө үр ашигтай байж чадсан уу. УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд тодорхой ажлууд зохион байгуулсан. Одоо үр дүн хэрэгтэй байна. Нэг өвөл гэнэтхэн утаагүй болчихгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ авсан арга хэмжээ гарцаагүй зөв, ужиг энэ асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах нь ээ гэсэн итгэл төрүүлж байх нь чухал. Утаанаас дутуугүй иргэдийг бухимдуулж буй асуудал нь авто замын түгжрэл юм. Тиймээс импортын автомашины татварыг насжилттай нь уялдуулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гүүрэн болон давхар замын байгууламж барих зэрэг зөв шийдэлтэй арга хэмжээг хугацаа алдалгүй хэрэгжүүлье гэдгийг онцоллоо.