1000 сэтгүүлчийг хямд үнээр орон сууцжуулах хөтөлбөр эхэллээ

105 жилийн түүхт Монгол улсын үндэсний сэтгүүл зүйн салбарынхны түүхэнд бичигдэх томоохон үйл явдал өнөөдөр боллоо. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс (2018.09.27) хэрэгжиж эхэллээ.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр МСНЭ-ийн ХVII  Их хурал болж Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ багаа бүрдүүлж ажлаа эхлүүлсэн билээ. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байсан юм.

Тэгвэл Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан “Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”ын үзэр өгсөн амлалтаа "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцуулж,  “Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгууллаа.

Мөн энэ өдөр “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд МСНЭ болон "Шинэ Гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ. Ингэснээр 2019 онд эхний 400 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраас тодрууллаа.

Х.Мандахбаяр: “Миний бие энэхүү ажлыг хүлээж авахдаа “Сэтгүүлч” ордонтой болох, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг дэмжиж орон сууцжуулан гэхэд зарим нь баярлаж, зарим нь инээж, зарим нь бол үгүйсгэж байсан. Хэрэв ажлыг хийе гэвэл арга нь олддог.

Бид өнөөдөр амлалтынхаа эхлэлийг тавьж хоёр ажлынхаа гарын үсгийг зурлаа. “Сэтгүүлч” ордныхоо газрыг шийдүүлсэн гэдэг бол бид ажлынхаа 50 хувийг хийчихлээ гэсэн үг. Удахгүй ордны маань зураг хийгдэнэ. Зурганд нийтдээ 7000 орчим мкв, 16 давхар барилга босно. Энэхүү ордонд маань МСНЭ-ийн ажлын алба, 20 доошгүй орны сэтгүүлчид нэгэн дор цуглаж ажиллах олон улсын сэтгүүлчдийн төв, мөн дотоодын сэтгүүлзүйн байгууллагууд маань хамтран ажиллах хамгийн сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага болсон co-working буюу хамтын оффис, доод тал нь 50 хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэгцэж ажиллах боломжоор хангана.  Үүнээс гадна хурлын заал, танхим, зочид буудал, ресторан, кофе шоп болон Монголын үндэсний сэтгүүлзүйн түүхэн музейг байгуулах гэх мэтчилэнгээр Монгол улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын олон талт үйл ажиллагааг нэгтгэсэн орчныг бий болгохоор ажиллаж байна. 

Ирэх хавар буюу 2019 оны хавар бид “Сэтгүүлч” ордноо барьж эхэлнэ. Байршлын хувьд Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газар бий.

Харин сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд хийгдэж буй “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хувьд бид ирэх 7 хоногтоо багтаад эхний ээлжийн төсөлд хамрагдах сэтгүүлчдийн дараалал тогтоох, сэтгүүлч, редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам зэргийг гарган сэтгүүлчдэдээ нэгдсэн байдлаар танилцуулна. Ингээд шаардлага хангасан сэтгүүлчид МСНЭ-тэй гэрээ байгуулсны үндсэн дээр төсөл хамтран хэрэгжүүлж байгаа газарлуугаа санал болгоно. Үүний дараагаар орон сууцны гэрээ хийгдээд явна.

 Орон сууцны үнийн нөхцлийн хувьд одоогийн зах зээлд мөрдөж байгаа жишгээр 30 хувийг нь эхэлж төлнө. 70 хувийг нь ипотекийн зээлд хамруулах талаас нь МСНЭ дэмжиж ажиллана. Энэ маань “Шинэ гарц” ХХК-ийн “Шинэ гүрэн” төслийн тухайд яригдаж байгаа. Үүнээс цаашаа хоёр компанитай гэрээ хийхээр яригдаж байгаа. Гэхдээ одоогоор албан ёсны тохиролцоонд хүрээгүй учраас тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.” гэлээ.

Үргэлжлүүлэн “1000 сэтгүүлчийг орон сууцжуулах” хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгч "Шинэ Гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа-ийн яриаг хүргэе.

"МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр "Шинэ Гүрэн" төслийнхөө бүтээн байгуулалтын хүрээнд нэг метр квадратыг нь 1.099.000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна.

            Монголын оюунлаг сэхээтний төлөөлөл, нийгмийн тогтвортой хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ардчиллын хамгийн эрхэм дээд үнэт зүйл болох чөлөөт хэвлэлийн сахин хамгаалагч Монголын сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцож байгаадаа баяртай байна.

            Манай Шинэ гүрэн бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2.300.000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1.099.000 төгрөгөөр нийлүүлнэ. Чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтанд орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана" гэв.