Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Бээжин хотноо болж буй “Бүс ба  Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ удаагийн чуулга уулзалт “Бүс ба Замын өндөр чанарын хамтын ажиллагаа: Хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө” ерөнхий сэдвийн дор явагдаж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Эртний, хуучин Торгоны замыг сэргээж, улс түмний бодлогын, худалдааны, санхүүгийн, нөхөрлөлийн холболтыг бүтээн байгуулснаар дэлхийн эдийн засгийн хөгжилд шинэ эрч хүчийг нэмэх зорилготой”-г онцлов.

Мөн тэрбээр ирэх 10 жилд дэлхийн 150 гаруй орон, олон улсын 20 гаруй байгууллагыг хамруулан гурван хэмжээст дэд бүтцийг бүтээн байгуулж, нээлттэй эдийн засгийн хөгжилд бүх талын дэмжлэг үзүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, ногоон хөгжлийг цогцлоох, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох зэрэг 8 шинэ саналыг дэвшүүлэв.

ЭНЭ УДААГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮЕЭР:

Нээлттэй дэлхийн эдийн засагт дэд бүтцээр харилцан холбогдох,

Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулах,

Өсөлтийн шинэ эх сурвалж цахим эдийн засаг зэрэг гурван сэдвээр дээд түвшний гурван хэлэлцүүлэг,

Мөн Саадгүй худалдаа, Иргэд хоорондын хэлхээ холбоо, Тинк танкийн солилцоо,  Цэвэр торгоны зам, Орон нутгийн хамтын ажиллагаа, Далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдвээр салбар хуралдаан болж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс, ОХУ, Чех, Лаос, Серби, Шри Ланка зэрэг 23 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна.