“G-50 K-Academy”-р дамжуулан дэлхийн 40 гаруй орны залуучууд Солонгосын цэрэггүй бүсэд цугларсан юм. “G-50 K-Academy” нь Солонгост суралцаж буй олон орны оюутнууд нэг дор цугларч, Солонгосын талаар суралцаж, туршлага хуримтлуулж, түүнийхээ талаар нийтлэл бичиж эх орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлдэг хөтөлбөр юм. Таван сэдвээс бүрдэх энэхүү хөтөлбөрийн хоёр дахь сэдэв нь Солонгосын цэрэггүй бүс билээ.
Бид цэрэггүй бүсийг биечлэн харах боломж олдсонд маш их баяртай байлаа. Солонгосын дайны дараа үүссэн цэрэггүй бүс нь Өмнөд болон Хойд Солонгосыг тусгаарласан байдаг. Бид 2 шөнө 3 өдрийн аяллын үеэр цэрэггүй бүстэй залгаа орших Чеорвон, Инжэ зэрэг газруудаар олон үйл ажиллагаанд оролцсон юм. Тэр дундаа Чеорвоны оршин суугчидтай ярилцах цагаар хоёр Солонгосын нэгдлийн талаарх тэдний байр суурийг сонсоно гэж найдан байсан юм. Иргэдтэй ярилцах цаг төсөөлж байснаас илүү сонирхолтой болж өнгөрсөн. Тэр ярилцлагаар бид цэрэггүй бүсийн талаар өөр үзэл бодолтой болсон юм.
Юуны өмнө тэнд амьдарч байгаа иргэдэд дутагдалтай зүйл их байдаг байх гэж бодсон ч эсрэгээрээ олон эерэг зүйл ярьж өгсөн юм. Тэдний нэг бахархал нь алтан шаргал тариан талбай байлаа. Учир нь тэнд будаа сайн ургадаг бөгөөд будаагаараа алдартай газар байв. Солонгост урьд өмнө нь харж байгаагүй сайхан тариан талбайнуудыг тэнд харсан юм.
Зураг-1: Цэрэггүй бүсээс Чеорвоны харагдах байдал
Мөн хачирхалтай нь хамгийн аюултай гэгдэх тэр газар энх тайван, урт наслалтын бэлгэ тэмдэг болсон тогоруу амьдарч байсан юм. Жил бүрийн арав, арван нэгдүгээр сард тогоруунууд ирж өвөлжиж байгаад гуравдугаар сард үржлийн газар руугаа нисдэг гэв. Чеорвоны цэрэггүй бүс дотор хэд хэдэн намгархаг газар, гол мөрөнтэй бөгөөд хүн орох боломжгүй тул тогоруунууд тухтай унтаж, амарч чаддаг байна. Мөн иргэд орохыг хориглосон том тариалангийн талбай нь тогорууны нутаглах дуртай газар байв. Эндхийн оршин суугчид тариан талбайг зундаа тариаланчид, өвөл нь тогоруу ашигладаг гэж ярьж байлаа. Байгаль, хүн хоёрын зэрэгцэн оршиж буй гайхалтай үзэгдэл байв.
Энэ мэт цэрэггүй бүсийн зэргэлдээх бүс нутагт олон янзын чухал байгалийн болон экологийн бүсүүд, 2930 гаруй төрлийн дээд ургамал, сээр нуруутан амьтад нутаглаж, тархсан байдаг байна. Энэ нь Солонгосын хойгт нутаглаж, тархсан ургамал, амьтдын 30 хувьтай тэнцэх ба зайлшгүй хамгаалах шаардлагатай, нэн ховордсон 44 зүйл амьтад багтдаг байна. Нүдээр харахаас өмнө цэрэггүй бүсийг үгүй хийх ёстой гэж бодож байсан ч энэ хөтөлбөрөөр дамжуулан экологийн хувьд маш их үнэ цэнтэй газар болохыг мэдэж авсан юм.
Цэрэггүй бүстэй холбоотой бас нэг зүйл бол нэгдэл юм. Оршин суугчид бүгд хоёр Солонгосын нэгдлийг хүсэж байна гэж хэлсэн юм. Гэхдээ бие биеэ хайрлаж, шуналаа орхихгүй бол нэгдэх хэцүү гэдгийг тэрээр нэмж хэлэв. Хойд, Өмнөд Солонгосын ард түмэн хамтын хүчин чармайлтаар нэгдэлд хүрэх ёстой ч урьдаас бэлтгэлээ сайтар базааж, дэлхий дахинд үлгэр жишээ болсон нэгдлийг харуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр үүнд дэлхий нийтээрээ гар бие оролцож, хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэж хэлсэн юм.
Зураг-2: DMZ Peace-Life Valley-н дарга Сон-Хён Жонгийн лекц
Хөтөлбөрийн 2 дахь өдөр бид Korea DMZ Peace-Life Valley-н дарга Сон-Хён Жонгийн лекцээр дамжуулан өөр нэгэн нэгдлийг харсан юм. Тэрээр цэрэггүй бүсээр зөвхөн хоёр Солонгосын хуваагдлыг л харах биш хүн, байгаль хоёрын хуваагдлыг харах ёстой гэв. Сүүлийн үед уур амьсгалын хямрал нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Эхэндээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт байсан бол сүүлийн үед дэлхийн хэт дулаарал, уур амьсгалын хямрал болж өөрчлөгдсөн. Энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд уур амьсгал хяналтаас гарна гэж үзэж байгаа. Уур амьсгалын хямрал нь амьдралын хямралд хүргэх юм. Тиймээс хоёр Солонгосын нэгдэл чухал ч хүн байгаль хоёр нэгдмэл байдалд хүрэх ёстой гэв.
Зураг-3: Энх тайваны модны өмнө
Бид дэлхийн 3-р дайныг үзэхгүйн тулд дэлхийн энх тайванд маш их анхаарал хандуулдаг. Гэсэн хэдий ч уур амьсгал нь хүмүүст дайнтай адил хор хөнөөл учруулж болзошгүй юм. Цаг агаарын эрс тэс уур амьсгал нь усны хомсдол, хүнсний хомсдол, биологийн олон янзын биетийг устгах, бүх төрлийн өвчин, вирусийн дэгдэлт, тэр байтугай дайн, терроризмд ч хүргэх боломжтой.
Бид цэрэггүй бүсэд ирэхдээ нэг үндэстний хуваагдлыг л харж, нэгдэх итгэл найдвар тээж ирсэн. Гэтэл тусгаарлагдсан газарт байгаль хамгаалагдаж, сэргээгдсэн байв. Байгаль амьд, амьсгалж байв. Хүн байгаль хоёр зэрэгцэн оршдогийг харсан. Мөн бид зорих ёстой шинэ нэгдлийг харсан юм. Өнөөдөр бидний даалгавар бол цэрэггүй бүсийг үгүй хийх биш, харин цэрэггүй бүс шиг байгалийг аврах явдал гэж бодож байна. Байгаль дэлхийгээ аврахын төлөөх хүн ба байгалийн нэгдэлд дэлхий нийтээрээ нэгдээсэй гэж хүсэж байна. Хойд болон Өмнөд Солонгос нэгдэж, байгалиа хамгаалахын төлөөх дэлхий дахины нэгдэл ч бас бий болно гэж найдаж байна.