Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтөө танилцуулахдаа мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан этгээдэд оногдуулах ялыг нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс үүнийг эсэргүүцэж, "Сэтгүүлчдийг мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр ялладаг болох нь" хэмээн болгоомж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өнөөдөр өглөө шаардлага хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дээрх шаардлагад хариу тайлбар хийлээ.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь гэмт хэрэгтэй холбоотойгоор иргэдийн мэдэх эрхэд аюул учирлаа, хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчдийн эрхэд халдаж байна, нууц гэх халхавчаар хулгайгаа далдлах гэж байна.
Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад өгөх ялын бодлогыг оруулах гэж байгааг эсэргүүцэж байгаа талаар МСНЭ шаардлага гаргасныг миний бие өглөө яаманд гардаж авсан. Энэ өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэргийн гол агуулгыг тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэдэг энэ гэмт хэрэг сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсын эрүүгийн хуульд хуульчлагдсан гэмт хэрэг байсаар ирсэн. Цаашид ч байх зүйл. Тодруулбал 100 жилийн өмнө энэ үйлдэл 100-600 төгрөгийн торгуулийн ялтай байсан. 1940, 1960, 1986, 1986, 2022 оны Эрүүгийн хуулиар энэ үйлдэл бүгд гэмт хэрэг байсаар ирсэн.
Энэ хэргээр шалгадаг, хэрэг үүсгэдэг, хариуцлага тооцдог этгээдүүд нь тусгай субъект байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд жирийн иргэд, хэвлэлийн мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ордоггүй онцлогтой хуульчлагдаж ирсэн байдаг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуульд энэ үйлдлийг мөн гэмт хэрэгт тооцсон. Тэр дотроо мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон, байлцсан хүн гэдэгт орчуулагч, хэлмэрч, шинжээч, хөндлөнгийн гэрч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч зэрэг хүнийг ойлгоно гэдэг Монгол Улсын дээд шүүхийн тайлбартайгаар хүчин төгөлдөр үйлчилж байгааг хэлье.
Үүнийг сэтгүүлчид ойлгохдоо нууцыг задруулж байгаа хүн гэж биднийг, иргэдийг хэлээд байна гэж ойлгоод олон нийтэд ташаа ойлголт төрүүлсэн байна" гэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг зарлуулж байгаа "хүн" гэж Эрүүгийн хуульд заасан этгээд нь сэтгүүлчид бид байна гэж ярьж байна. Гэтэл манай улсын Дээд шүүхийн тайлбараар Эрүүгийн хуульд заасан "хүн" гэдэгт тусгай субъект гэж л ойлгодог хэмээн хэлэв.