УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу та. Сайхан намаржиж байна уу?
-Сайхаан, та сайхан намаржиж байна уу.
-Өнгөрсөн хаврын чуулганыг эргээд дүгнэвэл ямар үр бүтээлтэй, нийгмийн амьдралд ач холбогдол бүхий чуулган болсон гэж та үзэж байна?
-Хаврын чуулганаар 200 орчим хууль, УИХ-ын 66 тогтоолыг баталсан. Батлагдсан хууль тогтоомжуудыг ерөнхийд нь дүгнэвэл, ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлсэн, авлигын эсрэг бодлогын томхон шинэчлэлийг хийсэн, улс төрийг хөрөнгө мөнгөний бус, бодлогын өрсөлдөөн болгох чиглэлээр томхон дэвшлүүдийг хийлээ гэж үзэж байна. Үүнд юуны өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснийг онцлон дурдмаар байна. Ер нь парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал. Энэ нь парламент хүн ам болон газар нутгаа төлөөлж байх ёстой гэсэн үг. Тэр дундаа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай хоёр их гүрний дунд орших Монгол Улсын парламентын засаглалыг бэхжүүлэх нь асар чухал. Сүүлийн үед манай улсын эргэн тойрон дахь геополитикийн болон аюулгүй байдлын асуудлууд хурцаар тавигдаж байгаа учраас бид парламентын хараат бус байдлыг нэмэгдүүлж, нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрлийг багасгах ёстой юм.
76 гишүүнтэй, нэг танхимтай УИХ бол өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд газар нутгийн төлөөллийг сайн хангаж ирсэн ч хүн амын төлөөллийг хангаж чадахгүй байсан. Ер нь парламентын төлөөлөл тэгш байдалтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгогч том хотод юм уу алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамаараад хууль тогтоох байгууллагууд тэгш төлөөлөлтэй байх ёстой. Тийм учраас гишүүдийн тоог нэмснээр сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэх бодит боломжтой болж байгаа юм. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга байлаа.
-Та Улс төрийн намын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хуульд тусгагдсан хамгийн дэмшилтэт зүйлийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Өмнөх хуулиар улс төрийн намуудад ямар нэгэн үүрэг, хариуцлага ногдуулдаггүй байсныг бид өөрчилж, намуудын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг тодорхой болгосон. Мөн намуудын санхүүжилт ил тод хариуцлагатай болж, намууд сонгуульт ажил болон цаг зуурын шинжтэй өрсөлдөөнд биш улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг бодлогын намууд болох эрх зүйн үндэс тавигдлаа. Ингэснээр намууд зөвхөн сонгуульд чиглэсэн цаг зуурын шинжтэй популист бодлого явуулахгүй, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулж, сонгуульд өрсөлддөг болно. Ийнхүү намууд нийгмийн өмнө хүлээх хариуцлагатай байж гэмээнэ намд итгэх иргэдийн итгэл сэргэнэ гэж найдаж байна.
Хаврын чуулганаар баталсан бас нэг онцлох хууль бол Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байлаа.
Энэ хуулиар төрийн зарим өндөр албан тушаалтнууд болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүдийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг болон төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглосон агуулга бүхий заалтууд орсон. Өөрөөр хэлбэл авлигыг хязгаарлах улстөрчид алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг арилгахад энэ хууль чиглэж байгаа юм.
-Та УИХ-ын гишүүний хувьд өнгөрсөн хаврын чуулганаар ямар хуулийн төсөл дээр ажиллаж батлуулав?
-Улс төрийн намын тухай хуулиас гадна УИХ-ын сонгуулийн тухай хууль, Боловсролын багц хуулиуд, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр ажиллаж батлууллаа.
Сонгуулийн хуулиар сонгуулийн зардлыг бууруулж сонгуулийг хөрөнгө мөнгөний өрсөлдөөн биш, бодлогын өрсөлдөөн болгох, намуудад гарааны тэгш боломжийг олгох, сонгогчдын сонгох эрхийг хангах зэрэг дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн 30 жилд манайд есөн удаагийн парламентын сонгууль явагдсанаас ганц 2012 оны сонгуульд л гадаадад оршин суугаа иргэд саналаа өгөх боломжтой байсан нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасан нийтээрээ сонгох эрхийн зөрчил юм. Тэгвэл зөрчлийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар арилгасан гэж хэлж болно.
-Энэ зуны тухайд жуулчид ихтэй, орон нутгийн түүхт тэгш ой тохиож буй онцлогтой жил болж байна. Таны хувьд хаагуур наадав?
-Үндэсний их баяр наадам болон аймаг, сумдын ойн баяр наадам, бүсийн уралдаанууд өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ жил Архангай, Төв, Завхан, Хэнтий, Говь-Алтай зэрэг таван аймгийн 100 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж, нийслэл болон хөдөө орон нутгийг зорих дотоод болон гадаадын жуулчдын тоо ч өмнөх жилүүдийнхээс их байлаа.
Нэг онцлох зүйл бол Төв аймгийн 100 жилийн ойн хүрээнд Монголын дугуйн холбооны хамгийн нэр хүндтэй том тэмцээн болох "Tour de mongolie 2023" олон өдрийн тэмцээн амжилттай явагдаж элитийн долоон баг, өсвөрийн есөн баг, эмэгтэйчүүдийн 10 багийн нийт 72 тамирчин уралдсан явдал юм. Аймгууд маань ийнхүү ойн баяруудаа уламжлалт байдлаар тэмдэглээд зогсохгүй олон талт, шинэлэг байдлаар зохион байгуулж байгаа нь аялал жуулчлал, соёл спортын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархууштай. Би Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд нийтийн биеийн тамирын хамгийн хурдацтай хөгжиж буй төрөл болох дугуйн спортыг олон нийтэд таниулах, мэргэжлийн тамирчдаа тив дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулах тал дээр анхааран ажилладаг. Зуны улирал бол дугуйн тэмцээн уралдааны гол сезон учраас наадамлах завгүй шахам өнгөрөөдөг. Энэ жил ч мөн адил байлаа. 2023 оны Сонирхогчдын засмал замын дугуйн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон Өмнөговь, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул аймгийн нийт 20 гаруй дугуйн клубын дугуйчид оролцсоноос гадна ӨМӨЗО, БНЧУ-ын дугуйн спортын тамирчид ирж оролцлоо.
-Монголд зочлох жил болгон зарласан. Дэлхийд алдартай хүмүүс манай улсад аялал, амралтаа өнгөрүүлж байна. Энэ нь мэдээж Монголын нэрийг гаргахад том сурталчилгаа болно. Нөгөөтэйгүүр эдийн засаг талдаа ямар ач холбогдол өгч байна гэж та бодож байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх гол сувгийн нэг бол яах аргагүй аялал жуулчлалын салбар. Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон зарлаж, “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд “Welcome to Mongolia” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ нь манай улсыг бусад улс оронд сурталчлан таниулах, соёлын болоод аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сэргээх, эдийн засгийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх томоохон зорилготой.
2023 оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 63.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан гэсэн дүн мэдээ бий. Он гарсаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 393.461 жуулчин ирээд байна. Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадвал улсын эдийн засагт чухал ач холбогдолтой юм.
-Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, жуулчдыг хүлээн авахад бид юунд анхаарах ёстой гэж та бодож байна вэ?
-“Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Аялал жуулчлалын үйл ажиллагааны менежментийг мэргэжлийн холбоонд шилжүүлж, төр гагцхүү бодлого, хууль, журмаа улам боловсронгуй болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлээр аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь зөв шийдэл болов уу. Жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, жуулчны бааз, орон нутгийн нислэг, жуулчны тээвэр, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын стратеги төлөвлөлт зэрэгтээ анхаарах нь зүйтэй. Ер нь ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун буцаах нь цаашид олон жуулчин татах нөхцөлийг бүрдүүлнэ.
Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ анхаарах нэг том зүйл бол спорт аялал жуулчлал, нүүдлийн соёл иргэншлийн аялал жуулчлал гэх мэтээр төрөлжүүлэн явуулах нь зүйтэй санагддаг. Тухайлбал, олон улсын практикаас харахад спорт аялал жуулчлал, экстрим, адал явдалт аялал жуулчлал ихэд хөгжиж байна. Монголыг зорин ирэх жуулчдын дунд спорт аялал, адал явдалт амралт зохион байгуулах боломжтой.
Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд миний бие өнгөрсөн зун ХБНГУ-ын иргэн, нэрт экстрим дугуйчин Гийдо Кунзегийн Монгол Улсад дэлхийн Гиннесийн рекорд тогтоох дугуйн аяллыг Герман, Монголын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан. Гийдо Кунзе Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх тууш 2060км-ийг туулахдаа хоногийн 24 цагт ердөө 2-3 цаг унтаж амарч үлдсэн хугацааг дугуйн дээрээ өнгөрөөж өдөрт дунджаар 400 км замыг туулж, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулсан билээ.
Гиннесийн рекорд хийсэн энэхүү герман дугуйчны аялал эх сайхан нутгийг маань дэлхийд сурталчлан, цар тахлын хорио цээрийн үед хоёр жил таг зогссон Монголын аялал жуулчлалын салбарыг эргэн сэргээхэд бодит хөшүүрэг болж чадсан. Цаашид ч Герман болон дэлхийн бусад орнуудаас Монголыг зорин ирэх жуулчид, спорт аяллынхан зөндөө байгаа. Монгол орон бол уудам тал хөндий, сарьдаг өндөр уулс, зах нь хязгааргүй говь, цэнхэрлэн харагдах хангай хосолсон, байгалийн тогтоц харамгүй бүрдсэн улс. Түүгээр зогсохгүй дөрвөн улирал ээлжилсэн үлэмжийн тансаг нөгөөтэйгүүр эрс тэс, хүний тэсвэр тэвчээрийг бүрэн шалгасан ёстой л экстрем аялагчид, тамирчдын мөрөөдлийн нутаг.
-Намрын чуулган эхлэхэд сар гаруй хугацаа үлдэж. Чуулганаас өмнө ээлжит бус чуулган зарлах мэдээлэл байна уу?
-Энэ тухай мэдээлэл одоогоор гишүүдэд ирээгүй байна.
-Учир нь намрын чуулганаар сонгуулийн жилийн төсвийг хэлэлцэх байгаа. Үүнд мэдээж цаг хугацаа их орох байх л даа. Таны хувьд ирэх жилийн төсөв хэрхэн орж ирээсэй гэж хүлээж байна. Төсөв ер нь яаж батлагдах бол?
-Өмнө хэлсэнчлэн Хаврын чуулганаар нэр бүхий гишүүд бидний санаачлан батлуулсан Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Засгийн газраас төсвийн төслийг Улсын их хуралд өргөн мэдүүлэхээс өмнө төсвийг олон нийтэд заавал хэлэлцүүлсэн байх үүрэг хүлээсэн. Мөн төсвийн ил тод байх, хариуцлагатай байх, төсөв тогтвортой байх зарчмын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Өмнөх жилүүдэд жилдээ 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, тооцоолол нь бодитой бус байсны илрэл. Харин бидний санаачилсан хуулиар төсвийн төлөвлөлтийг бодитой тооцож, үнэн зөв төлөвлөхийг хуульд заасан бөгөөд ийнхүү тооцооллыг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох заалтуудыг тусгасан.
Ингэснээр төсвийн хариуцлагатай, тогтвортой, төсвийг үр ашигтай төлөвлөдөг байх нөхцөл бүрдэх юм. Мөн төсвийн хөрөнгөөр аливаа тэмдэглэлт ой, баяр наадмын арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар тусгасан. Тэгэхээр 2024 оны төсвийн төсөл дээрх хуулийн нөхцөл шаардлагыг хангасан, тооцоолол сайтай орж ирэх болов уу гэж бодож байна.
-Хаврын чуулганы гол батлагдсан хууль Үндсэн хуулийн өөрчлөлт байлаа. Ирэх сонгуулийг уг хуулийн дагуу явуулна. 126 гишүүнтэй болсон, холимог тогтолцоогоор сонгууль явуулах асуудалд иргэд нь ямар байр суурьтай байх шиг байна. Та тойргоороо энэ өдрүүдэд явж, иргэдтэй уулзсан байх?
-Манай Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Тойргоос сонгогдсон гишүүд бид дүүргийнхээ нийт хороодын иргэд, сонгогчидтой Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар цуврал уулзалтууд хийсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх эсэх асуудлаар уулзалт бүр дээр иргэдээс амаар болон бичгээр санал асуулга авсан.
Хороодод хийсэн санал асуулгын нэгдсэн дүнгээс харахад Үндэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 61,3 хувь нь дэмжсэн байр сууртай, 38,6 хувь нь эсэргүүцсэн өнгө аястай байсан. Тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол 330 сумаа цөөлөх зэргээр дорвитой том өөрчлөлтүүд хийх нь зөв гэсэн хүмүүс олон байсан. ҮХНӨ-ийн төсөлд анхлан орж ирсэн гишүүдийн тоог 152 болгохыг дэмжихгүй, хэтэрхий өндөр тоо гэсэн байр суурьтай хүмүүс олонх нь байсан. Ер нь бол гишүүдийн тоог нэмж болно, ингэхдээ эдийн засгийн тооцоо, үндэслэл нь чухал байна хэмээн ирсэн хүмүүсийн 56.9 хувь нь үзэж байсан л даа. Мөн зарим иргэд парламентын төлөөлөх чадварыг сайжруулах нь зөв, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийг нэмэх шаардлагатай тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байна гэдгийг хэлсэн. Сонгуулийн холимог тогтолцооны хувьд уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх олонх буюу 73.2 хувь нь дэмжиж, одоо холимог руу шилжих цаг нь болсон гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Түүнчлэн ҮХНӨ хийхээр бол ард нийтийн санал асуулга хийгээч ээ гэсэн саналтай хүмүүс нэлээд байсан нь уулзалтуудаас харагдсан. Иргэдтэй хийсэн уулзалтуудаас нэг онцлох зүйл нь УИХ-д нэр дэвшигчдэд хатуу шалгуур тавих, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдогсдыг дахин дэвшүүлэхгүй байх тухайд улс төрийн намууд анхаарах ёстой гэдгийг үг хэлсэн хүн бүр дурдаж байсан явдал.
Эх сурвалж: Өдрийн сонин