Зүүн Азийн залуучуудын наадам наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотноо болно.
Наадамд 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодоос томилогдсон техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1,600 гаруй хүн оролцохоор байгаа аж.
Бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нээлтийн ёслол маргааш буюу наймдугаар сарын 16-нд 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Ёслолд 400 гаруй уран бүтээлч оролцож байгаа хэмээн Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулав.
Ташрамд дурдахад Зүүн Азийн залуучуудын наадамд манай улс 181 тамирчин, 42 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базаасан. Монголын багийн тугчаар өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт волейболын тамирчин Ц.Ананд, өсвөрийн УАШТ-ий таван удаагийн аварга, Хүүхдийн спортын наадмын аварга сагсан бөмбөгийн тамирчин Н.Анужин нар сонгогдсон юм.
Наадам маргааш боксын тэмцээнээр эхэлнэ.