Хэрэв хүн аянгад цохиулсан бол биеэр нь агшин зуур хэдэн арван мянган амперын хүчдэлтэй цахилгаан гүйдэл урсана. Энэ үед цахилгаан гүйдэл зүрхээр нь дамжин өнгөрвөл газар дээрээ амь насаа алдах эрсдэлтэй, цахилгаан гүйдэл гүйсэн хэсгүүдэд түлэгдэж, цочролд орж, ноцтой гэмтдэг байна. Иймд хур бороо ихтэй, аянга цахилсан үед хол замд явахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Үүлнээс үүссэн цахилгаан цэнэг агаарт урсах үзэгдлийг аянга гэдэг. Цахилгаан цэнэгтэй үүлнүүдийн хооронд, эсвэл үүл болон газрын гадаргуу хооронд 100 саяас 1 тэрбум вольтын хүчдэл үүсэж, нэгэн зэрэг цахилгаан гүйдэл урсдаг. Энэ үед зурсхийн гарсан гэрэл нь аянга юм.
Аянга цахилгаантай үед хүчтэй цахилгаан гүйдэл агаарт урсаж, улмаар аянгын дуу гардаг байна. Цахилгаан гүйдэл хэрэв агаараар гүйвэл агаарыг агшин зуур халааж, агаарыг тэсрэх хэмжээнд тэлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү агаарын тэлэлт нь агаарыг хүчтэй чичиргэн доргиож, аянгын дуу гардаг байна.
Үнэндээ аянга цахилгаан нь аянга гэж сонсогдох дуу авианы хүчтэй долгион үүсгэж, аянга цахилгаан хоёр нь нэг зэрэг гардаг аж. Гэвч 300,000 км/секундийн хурдтай гэрлийн хурдтай харьцуулбал 340м/секундийн хурдтай дууны хурд нь маш удаан юм. Дууны хурд болон гэрлийн хурд өөр өөр байдаг тул бидэнд эхлээд аянгын гэрэл харагдаж, дараа нь аянгын дуу сонсогддог байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс