Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.07.26/ шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
Шүүх байгууллага нь энэ оны хагас жилийн хугацаанд авлигын 153 хүнд холбогдох 61 хэргийг хянан шийдвэрлэжээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ялын хүрээнд нийт нэг тэрбум 102 сая 544 мянган төгрөгийг улсын төсөвт оруулахаар шүүхээр шийдвэрлэсэн байна.
Авлигын гэмт хэргээр ял шийтгүүлэгчдийн 52.9 хувь нь төрийн албан хаагч, 71.9 нь 31-50 настай иргэн байна. Дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн хоёр хүн тутмын нэг нь төрийн албан хаагч аж.
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний гэх тодотголтой хэргийг танилцуулбал, 63 хүнд холбогдох 8 хэрэг анхан шатны шүүхэд иржээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Давхардсан тоогоор 6 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ.
Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох 2 хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж 5 хүнд холбогдох 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.