Авто замын уулзвар доорх шугам сүлжээг хонгилын системээр шинэчилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил 19 байршилд дулааны 28 км урт шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажлыг хийж буй. Үүнээс Бага тойруугийн нийт 2400 метр шугам сүлжээг иж бүрэн сольж байна. Ингэхдээ томоохон авто замын уулзварууд доорх шугам сүлжээг хонгилын системээр  шинэчилж байгаа юм.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж:

-Бага тойруугийн дулааны шугам сүлжээ 30 гаруй жил болж байгаа учраас хуучирч, муудан ашиглах боломжгүй болсон тул сольж байна. Ингэхдээ бид томоохон авто замын уулзварууд доорх шугамыг хонгилын системд оруулж байгаа. Ингэж өргөтгөн шинэчилснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой юм. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамж, цахилгаан, ус сувгийн засварын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байгаа. Халаалтын улирал эхлэх үе буюу есдүгээр сарын 15-нд орон сууцны ус сувгийн ажил бүрэн дуусах бөгөөд аравдугаар сарын 15-нд цахилгааны ажил бүрэн дуусна. Шугамын шинэчлэл хийж буй байршлуудад наймдугаар сарын 10-н гэхэд халуун ус, дулаан өгөх юм хэмээв.

“Есөн талст оргил констракшн” ХХК-ийн талбайн инженер Б.Бат-Отгон:

-Магистрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүр хүртэлх 1.1 км шугамыг манай компани шинэчлэн сольж байна. Одоо сольж буй энэ шугамыг 1990 онд хийсэн тул нэлээд муудсан, ирэх өвөл ашиглах боломжгүй хэмжээнд хүрсэн байсан. Шинэ шугам нь 8 мм-ийн зузаантай, стандартад нийцсэн материалтай тул насжилт удаан. Түүнээс гадна мөн цэвэр усны шугам, сүлжээг шинэчилж байгаа юм хэмээлээ.

“Хангилцаг” ХХК-ийн инженер Х.Цогдэлгэр:

-Дулааны хуучин шугамуудын хувьд суваггүй, өөрөөр хэлбэл дулаалга хийгээд газарт булсан хэсэг олонтой. Тэгэхээр одоо үүнийг бүгдийг нь сувагт оруулаад, цэвэр усны шугамыг мөн ган хоолой болгон шинэчилж байна. Манай компанийн хувьд шугам өргөтгөн, шинэчлэх ажлаа тавдугаар сарын 15-наас эхэлсэн, наймдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Үүний дараа тохижилтуудыг хийх юм гэлээ.

Ташрамд дурдахад, 2021 онд 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх дулааны 3.3 км хос шугамыг өргөтгөн, шинэчилсэн юм. Тус шугам нь 1998 онд ашиглалтад орсон бөгөөд гэмтэл саатал олон гардаг байжээ. Тиймээс 400-500 мм-ийн голчтой байсан дулааны шугамыг 600-700 мм-ийн голчтой шугамаар бүрэн сольсон тул хүчин чадал нь цагт 45.4 гКал-р нэмэгдэж, 15-20 жил гэмтэл гарахааргүй болсон юм. Мөн Саппорогийн уулзвар дахь авто замын трасст өртсөн шугамын хэсгийг хонгилын системээр шийдсэнээрээ онцлогтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС