Дэлхийн энх тайвны эхлэл – Тугду (Dokdo)

Дэлхийн энх тайван гэдэг нь дэлхий дээрх бүх хүмүүс, бүх үндэстнүүдийн дунд аз жаргал, эрх чөлөө, амар амгалан баталгаажсан байх тухай ойлголт юм. Явцуу утгаар дайнгүй байхыг дэлхийн энх тайван гэж нэрлэх үе ч бий. Дэлхийн 1, 2-р дайнаас хойш дахин дайн гарахгүй мэт үзэж байсан хүн төрөлхтөнд 2022 оны 2 сарын 24-нд Оросоос Украин руу хийсэн довтолгоо нь энх тайвныг сахих амаргүй гэдгийг дахин сануулж өгсөн. Технологи хөгжиж Орос – Украины байдал хурдан шуурхай, бодитоор дэлхий дахинд цацагдсаар байгаа. Тиймээс ч дайн тухайн улсууд, хөрш зэргэлдээ орнууд, тэр байтугай дэлхий дахинд хэрхэн нөлөөлж байгааг бид нүдээрээ харж байна.

Орос – Украины дайн нь 2014 оноос хойш үргэлжилсээр байгаа бол дайн нь дуусаагүй эвлэрлийн байдалд орсон улс ч бий. Бидний сайн мэдэх  Өмнөд болон Хойд Солонгос билээ. Солонгос болон Монгол улс нь дипломат харилцаа тогтоогоод өдгөө 32 жилийн ойг үзэж байгаа. Солонгос бол Монголчуудын ажиллах, суралцах, аялах хамгийн дуртай орны нэг. Сүүлийн үед Солонгос улс Япон улстай газар нутгийн маргаантай байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарах болсон. Энэхүү газар нутгийн маргааны төвд Тугду арал оршдог. Бидний хувьд Тугду арлыг өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг арал гэдгээр нь мэдэх бөгөөд газрын гүндээ асар их байгалийн баялагтай тул эрдэнэсийн арал гэж бас нэрлэдэг.

Зураг 1: Хоёр том хадан арлаас бүтсэн Тугду

Тугду арал нь Солонгос улсаас 217км, Япон улсаас 220км зайд оршдог. 2023 Global DOKDO Reporter хөтөлбөрөөр холоос ч болтугай Тугду аралыг хараад ирэх боломж тохисон юм. Тухайн үед Тугду арал үнэхээр сэтгэл татам байсан тул түүний гоо үзэсгэлэнг бичгээр илэрхийлэхийн аргагүй байв. Япон улс Тугду арлыг өөрсдийн газар нутаг гэсэн байр суурьтай байгаа. Солонгос улс үүний эсрэг албан ёсны ямар ч байр сууриа илэрхийлээгүй. Харин ч Солонгосын засгийн газар Тугду-г сурталчлах, мэдүүлэх тал дээр анхаарч байна. Учир нь Тугду арал бол Солонгосын нутаг дэвсгэр юм. Одоо ч гэсэн Солонгос иргэд тухайн арал дээр амьдарч, хамгаалсаар байна. Солонгос хүмүүсийн хувьд Тугду арал нь онцгой утга учиртай арал юм. Тэрээр дайны үед хамгийн түрүүнд дайсны бай болсоор ирсэн. Тухайн арал дээр цэргийн баазаа байгуулах нь дайны үр дүнд чухал ач холбогдолтой байсан юм. Тиймээс ч дайны үед хамгийн түрүүнд хамгаалах ёстой газар байжээ. Одоо ч гэсэн Тугду нь Солонгосчуудад дайны хүнд хэцүү үеийг санагдуулдаг газар юм. Тугду арал Солонгос хүмүүсийн хувьд хэчнээн онцгой болохыг харуулах бас нэгэн зүйл бол Тугду аралын тухай дуулсан дуунууд юм. Тугду аралд зориулсан “Ганцаардаагүй арал” дуун дээр  “Одоо бид чиний хажууд байж, чамайг хамгаалах болно” гэсэн үг гардаг. Энэхүү дууны үг Тугду-г гэсэн солонгосчуудын сэтгэлийг маш сайн илэрхийлж байгаа юм.

Зураг 2: Тугду арлаар аялаж буй Солонгос аялагчид

Солонгосчуудын хувьд Тугдугын энх тайван нь дэлхий энх тайвны бэлэг тэмдэг гэж хэлж болох юм. Хэзээ нэгэн цагт аль нэг улс Тугду арлыг эзлэх гэж довтлох нь дайны эхлэл бөгөөд цаашлаад дэлхийн 3-р дайн ч болж мэдэх юм. Үнэндээ дэлхийн энх тайван хаанаас эхлэлтэйг хэн ч мэдэхгүй. Нүдэнд харагдахгүй тул хэн ч энэ байна, тэр байна гэж хэлэх боломжгүй. Гагцхүү Солонгосчуудын хүсэл бол Тугдугын аюулгүй байдал, дэлхийн энх тайван мөн хоёр Солонгос нэгдэх явдал юм. Энэ хүслийнх нь дагуу Тугдугын маргаан дуусаж, Солонгос, Орос, Украин цаашлаад дэлхий дахин амар амгалан байх болтугай.

Д.Оюунсүрэн