Л.Ганбат: ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсний ихэнх нь буюу 23 мянга гаруй нь Математикийн хичээлийг сонгосон

Их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Түүхийн шалгалтаар эхлэв.

Уг шалгалтад оролцохоор 34,432 хүн бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2,460 орчим хүн ажиллаж байгаа аж. 

Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өглөө. 

БҮТ-ийн захирал Л.Ганбат "Энэ жил ЭЕШ өгөхөөр 34,432 хүн бүртгүүлсэн. Үүний 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангиа төгссөн. 

ЭЕШ-ын зохион байгуулалт нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал блокчейн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн. Шалгалтын материалыг машинаар уншуулж, гарсан дүн оноо нь блокчейн системд байршиж байгаа. Үүний гол ач холбогдол нь бүрэн автоматажсан, устаж үгүй болохгүйгээр найдвартай хадгалагдана. Түүнчлэн хэн нэгэн хөндлөнгийн нөлөөгөөр засах, өөрчлөх оролдлого хийх боломжгүй.

Мөн ЭЕШ өндөрлөсний дараа аймаг орон нутаг, сургууль, багшийн түвшинд бүх төрлийн дүн шинжилгээг BI системд хийдэг болсон. Ингэснээр дараа дараагийн сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, ЭЕШ-тай холбоотой сэдэв даалгаварт юуг анхаарвал зохих зэргээ тодорхойлох боломжтой болоод байна" гэлээ. 

ЭЕШ өгөхөөр хамгийн олон хүн бүртгүүлсэн гурван хичээл:

Математик (23,634)

Англи хэл (21,976)

Нийгэм судлал (20,712) байна.

Харин хамгийн цөөн бүртгүүлэгчтэй хичээлүүд нь:

Орос хэл (1,014)

Газар зүй (1,085)

Түүх (1,606) байна. 

Өнөөдөр 14:00 цагт Англи хэлний шалгалттай. Үргэлжлэх хугацаа 80 минут.

Шалгалтад ирэхдээ авчрах зүйлс:

Иргэний үнэмлэх

Бүртгэлийн хуудас

Бүрэн дунд боловсролын үнэмлэх

Суудлын хуваарь.

Шалгалтын байранд хориглох зүйлс:

Тооны машин

Гар утас

Ухаалаг цаг

Таблет, компьютер

Томьёоны хураангуй

Ном, дэвтэр

Үзэг, тосон бал

Чихэвч

Дуу хураагуур

Электрон толь бичиг

Ноорог цаас