Монголын томоохон эмнэлгүүд Тайваний туршлагыг судална

Монгол улсын томоохон эмнэлгүүд Тайваний эмнэлгүүдээс туршлага судалж, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Тайваний Эмнэлгийн холбооны эмнэлгүүдтэй харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, клиникийн профессор Ц.Уранчимэг: “Манай эмнэлэг Тайванийн эмнэлгийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсандаа баяртай байна. Эхний ээлжинд гурван эмч Тайваньд сургахаар боллоо. Цаашид жилдээ 2-3 эмч сургана. Мөн Монголд эмчилж, оношлогдохгүй байгаа арьсны өвчнүүдийг хамтарч эмчлэх тохиролцоонд хүрлээ.

Тайваний эмнэлгүүд орчин үеийн дэвшилтэт технологи, эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн соёлоороо дэлхийд тэргүүлдэг. Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх үүднээс Тайваний эмнэлгүүдээс туршлага судалж, дэвшилтэт технологи, хөтөлбөрүүдийг нь эмнэлэгтээ нэвтрүүлэхээр ажиллахаар төлөвлөж байна.

Тухайлбал, эмийг цахимжуулах технологийг судалж байна. Цахим эмийн систем нэвтрүүлснээр эм олголт хяналттай болохын зэрэгцээ өвчтөн аль эмнэлгийг сонгож үйлчлүүлэх эсэх нь нээлттэй болно гэж харж байгаа. Бид дэвшилтэт хөтөлбөрүүдээс туршлага судлахыг эрмэлзэж байна. Одоогоор манай эмнэлэг үйлчилгээний соёлыг сайжруулах хүрээнд эмнэлгийн үйлчилгээг цахим системд холбогдсон байгаа. Ингэснээр эмч, эмнэлгийн ачааллыг хэд дахин буурснаас гадна  үйлчлүүлэгчид цахим бүртгэлийн дагуу эмнэлэгт ирэх цагаа тохируулах, үзлэгийн мэдээллээ нээлттэй харах боломж бүрдсэн” хэмээсэн байна.

Харин Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Л.Баттөр: “Манай эмнэлэг гадаад харилцааныхаа шинэ эх үүсвэрийг нээж байна. Бид Тайваний Эмнэлгийн холбоонд багтдаг Цэргийн Ерөнхий эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Энэхүү нэр хүндтэй эмнэлэгтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эхний ээлжинд эмч мэргэжилтнүүдээ Тайваньд сургах талаар ярилцсан. Цаашлаад Тайваний эмч нарыг урьж авч ирж, эмчилгээ, оношилгоо хийлгэх зэргээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Манай эмнэлэг шинэ байртай орчин үеийн эмнэлэг боловч бидэнд Тайваний эмнэлгийн хөгжил, дэвшлээс суралцах зүйл их байна. Учир нь, Тайваний анагаах ухааны хөгжил дэлхийд тэргүүлдэг. Тайваний эмнэлгийн давуу тал болсон технологи, инновацийн хөгжил, эмчилгээний дэвшилтэт үйлчилгээ, эмнэлгийн соёлоос суралцах, туршлага судлах, авах зүйл маш их бий” гэдгийг уулзалтын үеэр тодотгожээ.

Тайваний Эмнэлгийн холбооны удирдлагууд энэ сарын 3-6-ны өдрүүдэд Монголд зочилсон байна. Энэ үеэр дээрх хоёр эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагаагаа ийнхүү эхлүүлсэн ажээ. Түүнчлэн хамтран ажилладаг зарим эмнэлгүүд болох Улсын Нэгдсэн Нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгүүдэд зочилж, Монгол эмч нартай хамтран иргэдэд болон хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн байна. Мөн хоёр орны эмнэлгүүдийн туршлага солилцох уулзалтыг хийж, эмч нарт зориулсан сургалт зохион байгуулжээ.

Тайваний Олон Улсын Эрүүл мэндийн холбоо нь Монголын эмнэлгүүдтэй 2015 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголоос эмч нарыг урьж, туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгуулсаар ирсэн байна. Үүний зэрэгцээ Монголоос очсон өвчтнүүдийг тохирох эмнэлэгтэй нь холбон, Тайваний Эрүүл мэндийн яамны баталсан журмын дагуу хөнгөлөлттэй эмчилгээ, үйлчилгээнд хамруулдаг аж.

Тайванийн Эрүүл мэндийн холбоонд Тайпей хотын Цэргийн Ерөнхий эмнэлэг, Тайчун хотын Ахмад дайчдын эмнэлэг, Хятадын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг /China Medical University/, Юанлин хотын Юань Рөн, Юань Шин зэрэг Тайваний томоохон эмнэлгүүд багтдаг бөгөөд Монголчууд эдгээр эмнэлгүүдэд ихээр үйлчлүүлдэг байна.

Үүнээс гадна манай Улсын Нэгдсэн I, II, III төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Дорнодын Бүсийн оношилгооны төвтэй хамтран ажилладаг аж.