Төрийн нийтлэг үйлчилгээний албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг судална

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний 14 дэх уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчидтай хийлээ. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцов. Тус салбарт улсын хэмжээнд 52,7 мянган хүн ажиллаж байна.
 
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцууллаа. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. -4,6 хувьтай байсан эдийн засаг 7,9 болтлоо өссөн байна. Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж нүүрсний экспортыг ил тод, цахимаар арилждаг болсноор далд эдийн засаг ил болж улсын төсөв анх удаагаа 1,1 их наядаар даван биелж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэлийн талаар танилцуулав. Төрийн албанд гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар гүйцэтгэлд суурилсан цалингийн системд шилжсэнийг дурдлаа. Улсын төсвийн тодотголд 986,6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Тэр дундаа төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 26-31 хувиар нэмэгдүүлж байгааг сайд Х.Булгантуяа танилцууллаа.
 
Уулзалтад оролцогчид саналаа хэлэв.
 
СБД-ийн биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч А.Хоролсүрэн: Цалин, нийгмийн асуудлыг анхаарч, орон сууцны дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Цалин бага байдгаас спортын байгууллагад ажиллах хүн олдохгүй байна. Мөн тэмцээн уралдаан явуулахад спортын барилга байгууламж стандарт хангахгүй байна. Үүнд анхаарч өгөөч.
 
14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа: Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгнө үү.
 
Монголын Үндэсний музейн үйлчлэгч Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас үйлчлэгч хийх боловсон хүчин олдохгүй байна. Мөн цалингийн асуудлаас үүдэн орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг анхаарч өгөхийг хүсэж байна.
 
1-р цэцэрлэгийн нарийн бичиг П.Батчимэг: Улс орны эдийн засгаас шалтгаалж цалинг бага ч болов нэмж байгаад баяртай байна. Боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын амралтын мөнгийг багш нарынхтай адил бодож олгодог болгохыг хүсэж байна.
Хоёрдугаарт "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг иргэн бүрд хүргэхэд анхаарах хэрэгтэй байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд төрийн нийтлэг үйлчилгээний салбарыг гүйцэтгэлд суурилсан цалингийн системээр ажиллуулах, орон сууцны ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлөөр хамруулах боломж байгаа талаар судална гэдгийг хэллээ.