БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэргээр баривчлагдан шуугиан тариад байна.
Л.Мөнхбат нь 2017 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч, ИХТ-өөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр энэ удаагийн арга хэмжээнд оролцоод зогсохгүй, “Чэжү хотын хүндэт иргэн” хэмээх шагналыг гардах ёстой байжээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч бүсгүйгээс гадна концертод оролцсон уран бүтээлчдээс өнөөдөр тайлбар мэдүүлэг авчээ. Тэдний ярьж буйгаар болсон үйл явдлын талаар мэдээлэлгүй, бүгд өрөө өрөөндөө орсон байсан гэх агуулгатай зүйл ярьж байгаа аж.
Тэгвэл уг хэргийн талаар Л.Мөнхбатын ар гэрийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж “Одоогоор хүчирхийлэхийг завдсан гэх мэдээлэл байна.Чэжүд соёл урлагийн салбарынхны арга хэмжээ болсон юм билээ. Үүнд орлогч маань ахалж ажилласан. Ер нь хамтын ажиллагааны хүрээнд л явсан гэсэн үг. Бид ч бас ийм асуудал үүссэнд гайхаад л сууж байна. Удахгүй асуудал тодорхой болох байх” гэв.