С.Энхболд: Улаанбурхан өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй

Улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхлэх гэж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд" Энэ оны эхний таван сарын байдлаар дэлхийн 123 улсад улаанбурхан өвчний 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Манай улсын хувьд улаанбурхан өвчний дэгдэлт 1989 оноос хойш дөрвөн удаа гарч байсан. Иймд улсын хэмжээнд 3-39 насны хүмүүсийг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Үүний үр дүнд улсын хэмжээнд 2017 онд 17 тохиолдол, 2018 онд нэг тохиолдол, 2019 онд хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ жилийн тухайд дэлхий нийтэд улаанбурхан өвчний тархалт ихсэх хандлагатай байна. Манай улсад хөрш орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай. Иймд тавдугаар сарын 29-ны өдрөөс улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эхлүүлж байгаа бөгөөд иргэдийг идэвхтэй хамтрагдахыг уриалж байна. Улаанбурхан өвчний дархлаажуулалтад 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг хамруулна. Ингэснээр улс орнуудад бүртгэгдээд байгаа улаанбурхан өвчний эрсдэлээс сэргийлж чадах юм" гэлээ.