Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг 2010-2020 онд аль банкинд хэзээ, хэдэн хувийн хүүтэй байршуулж байсан мэдээлэл өнөөдөр нээлттэй боллоо. Тус сангийн зардлын 63 хувь буюу 14 их наяд 290 тэрбум 833 сая төгрөгийг өндөр настнуудын тэтгэвэрт зориулсан байна. Харин 12 хувь буюу 2.6 их наяд төгрөгийг тахир дутуугийн тэтгэвэрт зарцуулсан гэж “shilengov.mn” сайт мэдээлэв. Бид энэ удаа нийгмийн даатгалын сангийн хамгийн их мөнгөн хөрөнгийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд байршуулсан топ гурван банкны талаарх мэдээллийг хүргэе.
Нийгмийн даатгалын сан нь 2019 онд 203 тэрбумыг харилцах хэлбэрээр, 170 тэрбумыг хадгаламж хэлбэрээр буюу нийт 380 орчим тэрбум төгрөгийг Хаан банкинд байршуулсан нь өнөөг хүртэлх байршуулсан хамгийн их мөнгөн дүн юм. Хаан банк нь 2022 онд харилцах хэлбэрээр 304 тэрбум, 2021 онд 194 тэрбум, 2020 онд 245 тэрбумын мөнгөн хөрөнгийг байршуулжээ. Ингэхдээ 2020 оноос эхлээд зөвхөн харилцах хэлбэрээр дээрх мөнгөн хөрөнгийг Хаан банкинд байршуулсан байна.Нийт банкинд төвлөрүүлсэн дүнг харвал харвал өнгөрсөн онд хамгийн их мөнгөн хөрөнгийг Хаан банкинд байршуулсан байна.Гэхдээ тус банкны харилцах болон хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байна.
Нийгмийн даатгалын сан нь Төрийн банкинд мөн л 2019 онд хамгийн их мөнгөн хөрөнгийг байршуулжээ.Тодруулбал, тухайн онд 317 тэрбумыг харилцах хэлбэрээр, 128 тэрбумыг хадгаламж хэлбэрээр буюу нийт 445 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангаас Төрийн банкинд төвлөрүүлжээ. Үүнээс хойш 2020 онд 260 тэрбум, 2021 онд 147 тэрбум, 2022 онд 266 тэрбум төгрөгийг харилцах хэлбэрээр Төрийн банкаар дамжуулан иргэдэд хүргэсэн байна. Тус банк л мөн л хэдэн хувийн хүүтэйгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хадгалсан мэдээллээ тайлагнаагүй байна.
Харин Төрийн санд хамгийн ихдээ 300 тэрбум төгрөгийг 2021 онд байршуулсан бол 2022 онд 244 тэрбумыг төрийн санд хуримтлуулжээ. Үүнээс харахад 2021 онд Нийгмийн даатгалын сан хамгийн их мөнгийг төрийн санд байршуулжээ.Банкуудад хамгийн их мөнгөн дүнг төвлөрүүлж байсан 2019 онд 62 тэрбумыг Төрийн санд байршуулсан байна.
Голомт банкинд 2016,2017,2018 онуудад хамгийн их мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн байна. Эдгээрээс 140 орчим тэрбумыг 2018 онд байршуулсан нь хамгийн дээд мөнгөн дүн нь юм. Үүнээс хойш Нийгмийн даатгалын сан Голомт банкинд байршуулах мөнгөн хөрөнгийн хэмжээ буурчээ. Тухайлбал, 2021,2022 онд 50 тэрбум төгрөгийг Голомт банкинд харилцах хэлбэрээр төвлөрөүүлсэн байна. Хаан банк,Төрийн банкинд хамгийн их мөнгөн хөрөнгийг байршуулсан жил буюу 2019 онд Нийгмийн даатгалын сан 31 тэрбумыг Голомт банкинд төвлөрүүлжээ. Тус банкны харилцах болон хадгаламжийн хүүний талаарх мэдээлэл ил болоогүй байна.
Худалдаа хөгжлийн банкинд хамгийн ихдээ 2017 онд 71.8 тэрбумыг байршуулжээ.Үүний дараа банкуудад хамгийн их мөнгөн хөрөнгө байршуулсан он буюу 2019 онд 51.8 тэрбумыг Нийгмийн даатгалын сан Худалдаа хөгжлийн банкинд төвлөрүүлсэн байна. Харин сүүлийн гурван жилийн хугацаанд 18.6 тэрбумаас 46 тэрбум хүртэлх төгрөгийг тус банкинд байршуулсны хамгийн их буюу 46 тэрбум төгрөгийг 2021 он буюу хөл хориотой байх үед төвлөрүүлжээ. Гэсэн ч тус банк хэдэн хувийн хүүтэйгээр Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хадгалсан мэдээллээ тайлагнаагүй учир “shilengov.mn”-д байршаагүй байна.
Хас банкинд хамгийн ихдээ 2010,2011 онд 6.2 тэрбум төгрөгийг байршуулжээ. Үүнээс хойш 2019 онд 5.6 тэрбумыг харилцах хэлбэрээр төвлөрүүлснээс хойш сүүлийн гурван жил 1.1-1.9 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сан Хас банкинд байршуулсан байна. Тус банк харилцах болон хадгаламжийн хүүний талаарх мэдээллээ олон нийтэд ил дэлгээгүй байна.
Улаанбаатар хотын банкинд 2017 онд хамгийн их буюу 183 тэрбумыг байршуулж үүнээс хойш 2018 онд 85 тэрбум, 2019 онд 46 тэрбум, 2020 онд дөрвөн тэрбум болж буураад сүүлийн хоёр жилд тус банкинд Нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг байршуулаагүй байна.Улаанбаатар хотын банкны харилцах болон хадгаламжийн дансны хүү ямар байсан талаарх мэдээллийг ил болгоогүй байна.
Капитал банкинд 2014-2017 онд Нийгмийн даатгалын сангийн 200-230 хүртэлх тэрбум төгрөг төвлөрч байжээ.Гэсэн ч 2019 оноос тус банкинд дээрх сангийн ямар ч мөнгө байршаагүй байна. Капитрон банкинд хамгийн ихдээ 65 тэрбум төгрөгийг 2019 онд байршуулжээ.Үүний дараа 2021 онд 59 тэрбумыг төвлөрүүлснээ өнгөрөгч онд есөн тэрбум болгож огцом бууруулжээ.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хамгийн ихдээ 57 тэрбумыг 2017 онд байршуулжээ.Ийн 2021 оноос хойш тус банкинд мөнгө төвлөрүүлээгүй байна. Харин Чингис хаан банкинд хамгийн ихдээ 126 тэрбумыг 2017 онд байршуулсан бол сүүлийн гурван жилд 96-101 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сан тус банкинд байршуулжээ.
Эх сурвалж: iVoice.mn