Иргэддээ загнуулсан УИХ хөдөлж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг сонгогчиддоо танилцуулах уулзалтыг хийсэн.

Энэ үеэр ард иргэдийн зүгээс уг хуулийн төсөлтэй танилцахаас илүүтэй УИХ-ын гишүүдийг шүүмжлэж загнах нь их байсан бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон гэмт хэргийн агуулга бүхий мэдээ мэдээллийн үнэн худлыг тодруулах нь их байжээ. Мөн иргэдийн амьдралын чанар доройтож, үнийн өсөлтөд туйлдаж, шударга бус байдал эрчимжих болчихоод байхад УИХ ч, Засгийн газар ч яагаад дорвитой, бодитой, хурдтай ажиллахгүй байна вэ гэдэг асуултыг ихээр тавьсан байна.

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар орон нутгийн томилолтоосоо ирсэн даруйдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж, амьдралын бодит нөхцөл байдлыг дээшлүүлж, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг шинэчлэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр бодит шийдвэр гаргах шаардлагатай болсон талаар ярилцжээ. Мөн энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр буюу энэ сарын 16-нд хуралдаж, дээрх асуудлуудыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.

Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн мөн нэг онцгой анхаарал хандуулж хөндсөн сэдэв нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэх, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй байхад гүжирдэн гүтгэх замаар сошиалаар хэрэг үүрүүлэх болсон  явдал. Уг зорилтот мэдээллийн улмаас парламентын засаглалын нэр хүнд унаж, улмаар төр иргэдийн итгэлцэл үгүй болоод байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олноороо ярьсан байна. Гол нь, хэрэв энэ байдал цаашид удаан үргэлжилбэл монгол төрийн легитим чанар алдагдаж, дахин сэргэх аргагүй нөхцөл байдал үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд онцоллоо.

Хамгийн ноцтой нь сүүлийн үед ил далд байдлаар дарангуйлал тогтож, хүний эрх ихээр зөрчигдөж, нийгэм бүхэлдээ үл илэрхийлэх айдаст автсан гэдэг гомдол зөвхөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо хийсэн уулзалтын үеэр яригдаад зогсохгүй, УИХ-д ч олноор ирэх болсон байна.

Ямартай ч, УИХ-ыг гэмт хэргийн үүр уурхай хэмээн харлуулах сонирхлын ард УИХ болон Засгийн газрын хооронд сонгууль болж буй мэт дүр зураг харагдах болсон нь нууц биш. Харин өчигдрийн бүлгийн хурлаар Засгийн газар сонгуульд орохгүй, УИХ ажлаа дүгнүүлж сонгуульд оролцно шүү гэдгийг засагтаа шууд биш ч далдуур сануулжээ.

Д.ЦОЛМОН

Эх сурвалж: iVoice.mn