“Fitch” агентлаг даваа гарагт Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "B" буюу тогтвортой түвшинд байна гэсэн өмнөх төсөөллөө хэвээр үлдээлээ. Ийнхүү манай улс 2018 оны долоодугаар сараас хойш “B-тогтвортой” үнэлгээг хэвээр хадгалж байна.
Уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж, дотоодын эрэлт тогтвортой байгаа тул 2023 онд ДНБ-ий бодит өсөлт өнгөрсөн онтой адил таван хувьд хүрнэ гэж таамаглажээ. Харин 2024 оноос өсөлт хурдсах магадлалтай. Хятад улс хилийн хяналтаа цуцалсны дараа нүүрсний экспорт сэргэж байна. Ирэх 1-2 жилд хил дамнасан төмөр зам бүрэн ашиглалтад орсноор экспортын хүчин чадал улам нэмэгдэнэ. Стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэсийн уурхайн гүний үе шат 2023 оны гуравдугаар сард олборлолтоо эхлүүлсэн ч биетийн өсөлтийн дийлэнх нь 2025 оноос бий болно. Бусад уул уурхай, дэд бүтцийн төслүүд дунд хугацааны өсөлтийг дэмжих боломжтой гэж үзжээ.
Гэхдээ валютын нөөц хомс байгаатай зэрэгцээд гадаад өр өндөр байгаа нь эрсдэл дагуулж болзошгүй. Тухайлбал, нүүрсний экспорт 10 хувиар буурахад төлбөрийн тэнцэлд ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний алдагдал үзүүлэхээр байна.
Инфляц 2023 онд дунджаар 12 хувьд хадгалагдаж, 2024 онд 9 хувь хүртэл буух ч Монголбанкны зорилтот түвшнээс ялимгүй давна гэж таамаглаж байна.