Киргизстан Улсын Бишкек хотод 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Ази тивийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол Улсаас 14 тамирчин оролцсон нь Зэвсэгт хүчний 029, 150, 232, 330 дугаар ангиудын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, сонсогч байсан бөгөөд тэд 11 алт, 11 мөнгө, 4 хүрэл нийт 26 медаль хүртсэн бахдам амжилт үзүүлж, эх орон, Зэвсэгт хүчнээ тэмцээнд оролцогч 8 орны 400 гаруй тамирчинд сурталчиллаа.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр манай алба хаагчдаас “U23” өсвөр насны ангиллын 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) огцом өргөлтөөр алт, насанд хүргэгчдийн ангиллын 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) огцом өргөлтөөр алт, тус жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) хүрэл медаль хүртэв. Мөн “U35-39” насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд -68 кг жинд сургагч ахлагч П.Ганзаяа (232) огцом өргөлтөөр алт, +68 кг жинд ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) огцом өргөлтөөр алтан медаль тус тус хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүллээ. Ингэснээр ахлах дэслэгч С.Ууганцэнгэл, сургагч ахлагч П.Ганзаяа нар туухай өргөлтөөр Азийн хошой аварга болсон бол цэргийн гэрээт алба хаагч ахлах түрүүч О.Золбаяр нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн болж чадсан гэсэн үг юм.
Тэмцээний амжилтын талаар багийн дасгалжуулагч ахлах ахлагч Л.Билэгтбаатар (150) ярихдаа “Үнэхээр баяртай байна. Манай тамирчид 26 медалийг хүртэж, монгол хүн тэр дундаа монгол цэрэг ямар хүчтэй, нөөц бололцоо ихтэй байдгийг батлан харуулсандаа баяртай байна. Дэлхийн 8 орны 400 гаруй тамирчин оролцож байгаа энэ том тэмцээнээс бүх төрөлд нь медаль хүртэнэ гэдэг бол бахархам биз. Тэмцээний хаалтын ёслолын үеэр Олон улсын гийрийн спортын зөвлөлийн ерөнхийлөгч Солодов Игорь Петрович монгол тамирчдын амжилтад баяр хүргэж, 2023 оны 9 дүгээр сард Узбекстан Улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд оролцохыг албан ёсоор урьсан. Мөн 2024 оны Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнийг Монгол Улс зохион байгуулах тухай санал дэвшүүлж, харилцан ярилцсан. Энэ талаар бид бүхэн холбогдох байгууллага, холбоодод нь уламжилна.
Энэ завшаанд талархал илэрхийлэх ёстой хүмүүс байна. Баг тамирчдыг маань тэмцээнд оролцох асуудлыг зохицуулж шийдвэрлэсэн ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа Б.Дамба даргад талархал илэрхийлье. Хурандаа Б.Дамба “Өөрсдийгөө л сайн бэлтгээд ир, бусдыг нь дарга нь зохицуулна. Та бүхнийг манай цэргийн найз Киргизстан улсад тосож аваад дэмжлэг үзүүлнэ” гэсэн, үнэхээр л цэргийн найз нь тусалсан. 1990 онд ЦНДС-ийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр төгссөн Д.Баясгалан ах гэр бүлийнхээ хамтаар бидний байрлах байр, хоол унд гээд бүх талын дэмжлэг үзүүлсэнд нь талархаад баршгүй. Ёстой нөгөө тэмцээн болох газраа ч мэдэхгүй бидэнд замч хийж “Монгол цэргийн нэр хүндийг өргөж байвал бусад нь болно оо” гээд л тамирчин бүрийн ялалт, ялагдалтай хамт байлаа” хэмээн баярласнаа илэрхийлж, амжилтын богц дүүрэн эх орныхоо зүг хөдөлж байгаагаа дуулгалаа.
Ахмад Д.БОЛОР