Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилд зориулан “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тавдугаар сарын 19, 20-нд толилуулах гэж байна.
Энэхүү дуулалт жүжгийг Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан 2008 онд анх тайзнаа тавьж байсан юм. Ингэхдээ Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хамтран тоглож байснаараа онцлог юм.
Энэхүү тоглолтод Эрдэнэ хутагтад ардын жүжигчин Г.Мягмарнаран, Равжаад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Цогтзулд гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Манжийн хаанд Г.Эрхэмбаяр, Лам хүүд гавьяат жүжигчин, жүжигчин Ц.Баясгалан, Баяны хүүд жүжигчин Б.Золжаргал нар тоглож байсан юм.