Казахастан руу зорчиж байсан микро автобус осолдож, Монгол Улсын 14 иргэн эмнэлэгт хүргэгдлээ

Энэ сарын 23-ны өдөр орон нутгийн цагаар шөнийн 23:13 цагийн орчимд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт  "Чике таман" давааны доод хэсэг буюу "Чуйский тракт" авто замын 659 дүгээр километрт Баян-Өлгий аймгаас Казахстан улсыг чиглэн явж байсан "Istana" маркийн микро автобус осолдож, Монгол Улсын 14 иргэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Үүнээс 12 иргэн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Тэднээс таван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд тэднийг Горно-Алтайск хотын эмнэлэгт хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.

Шинжээчид ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн тоормосны систем эвдэрсэнтэй холбоотой гэнэ.

Мөн энэ сарын 24-ний өглөө ОХУ-ын Катунское-Красный Яр-Алтайское-Алтайн Бүгд Найрамдах Улсын хил чиглэлийн авто замын 56 дугаар километрт 15 зорчигчтой дахин нэг микро автобус осолдсон байна. Зорчигчдын дунд Монгол Улсын хоёр иргэн явж байжээ. Тэднийг түргэн тусламжийн нисдэг тэргээр Барнаул хот дахь "Алтайн хязгаарын түргэн тусламжийн төв килиник"-т, мөн хүнд гэмтэл авсан долоон зорчигчийг нарийн үзлэг хийх, эмчлэх шаардлагатай хэмээн үзэж Бийск хотын төв эмнэлэгт тус тус хүргүүлж, шаардлагатай эмчилгээг хийж байгаа аж.

Тус микро автобус нь энэ сарын 23-ны өдөр 10:40 цагийн орчимд Монгол Улсын хилээс гарч Бүгд Найрамдах Казахстан Улсыг чиглэн явсан бөгөөд урьдчилсан  мэдээллээр замын эсрэг урсгалд орж ГАЗ-3110 маркийн суудлын авто машинтай мөргөлдсөн байна.

Уг асуудалтай холбоотой энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгаас нарийн мэргэжлийн эмч нарын баг бүхий түргэн тусламжийн машин осол болсон газарт очиж, осолд орсон иргэдийн биеийн байдал сайн байгаа гэсэн мэдээллийг ирүүлээд байна.