Бүгд найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийж төгсгөлд нь хамтдаа мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: -Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хийсэн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Манай хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн. Өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа ерөнхийлөгч Анджей Дуда манай улсад айлчилж байгаа нь хоёр орны харилцаанд тодоор бичигдэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихөд түүхэн ач холбогдолтой, бат бэх байр суурь болно гэж үзэж байна. Бид хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилт, үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, бэрхшээлийг хамтын хүч чармайлтаар даван гарна гэдэгт санал нэгдлээ.
Бүгд найрамдах Польш улс бол манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг хугацаанд ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж ирсэн түүхтэй. Тухайлбал, Польш улс манай улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэр гаргаж, Монгол, Польш улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад баяртай байна.
Мөн хоёр улсын парламент, Засгийн газар, төрийн байгууллага, иргэд, бизнес эрхлэгчид хоорондын харилцаа идэвхтэй өрнөж, хоёр орны худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Польш улс 1990 оноос өмнө манай улсын Дархан, Чойбалсан хотод шохой, хөнгөн бетоны үйлдвэр, Хархоринд дулааны цахилгаан станц зэрэг олон үйлдвэр байгуулж өгснийг бид мартаагүй. Иймд хоёр орны гол чиглэл болох худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг тэтгэсэн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг уялдуулж, "Хүнсний хангамж аюулгүй байдал", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрийг хөдөө аж ахуй, геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ үр дүнтэй биеллээ олж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг манай сайхан эх оронд тавтай морилохыг хүсье.
Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда: -Ийм сайхан хөгжиж байгаа орныг удирдаж байгаа Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Энэ айлчлал маш чухал ач холбогдолтой айлчлал болно гэж найдаж байна. Бид сая олон улсын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тийм учраас бид онцгой, чухал ашигт малтмалын хайгуул, судалгаа хийхийг хүсэж байгаа. Энэ талаар ноён Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярьж хэлэлцлээ.
Бид зэс хайлуулах үйлдвэртэй. Энэ чиглэлд монголчуудтай хамтран ажиллах байх гэж найдаж байгаа. Мөн Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор байгуулах болсондоо баяртай байна.