Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы /2023.04.14/ хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав.
Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын хянан шалгалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах зорилгоор Хөгжлийн банк байгуулагдсанаас хойших хугацааны зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой баримт материалууд болон зээлдэгч аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн ашиглалт, зарцуулалттай холбоотой материал, дансны гүйлгээ, төсөл, хөтөлбөрийн үр өгөөж, Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр ашигт байдал, түүнд тавигдах дотоод болон хөндлөнгийн хяналтын тогтолцооны үйлчлэлтэй холбоотой баримт материалыг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, мөн тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн багцын хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгаж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэй зохион байгуулж олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн.
Сонсгол нийт 13 өдрийн турш үргэлжилж, 672 иргэнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн биечлэн оролцсон байна. Хянан шалгах түр хороо холбогдох хуулийн хүрээнд арилжааны 12 банканд хяналт шалгалт явуулж, зээлдэгч бүрийн санхүүжилтэд данс хөөх аргаар зарцуулалтыг нэг бүрчлэн шалгаж дараах дүгнэлтийг гаргажээ.