Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас байгаль хамгаалах ажилд иргэн, хүн бүр идэвх санаачилгатай оролцох соёлыг түгээх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” аяныг эхлүүлжээ.
5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулах уг аяны нээлт өчигдөр буюу 4 дүгээр сарын 15-нд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар эхэлж, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, их, дээд сургуулийн оюутан залуусын төлөөлөл оролцон “Их тэнгэрийн ам”-аас “Скай ресорт” хүртэл унадаг дугуйн парад зохион байгуулсан байна.
Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Нээлтийн арга хэмжээнд оролцогчид Богд хан уулын ногоон бүс, Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна.