2023 оны Каннын Олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” кино албан ёсоор шалгарлаа.
Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ний өдөр каннын олон улсын кино наадамд шалгарсан уран бүтээлүүдээ шууд дамжуулалтаар зарлалаа. Тус наадмын “Un Certain Regard” төрөлд Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” буюу “If Only I Could Hibernate” бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарчээ.
“Un Certain Regard” төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал ажээ.
Тус киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөн нар хамтран бичжээ. Киноны пост продакшн Францын Парис хотод хийгджээ.
Физикийн шинжлэх ухаанд хорхойссон 15 настай хүүгийн тухай өгүүлэх тус кино өнөөгийн нийгэмд тулгамдаад буй олон олон асуудлыг хөнджээ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хүүгийн аялал хэрхэн өрнөхийг “If Only I Could Hibernate” киноноос хүлээн авч үзээрэй.