Дэлхийн банкны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 2023 онд хэрэглэх 6.5 сая тун вакциныг нийлүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд хүлээлгэн өгчээ. Мал сүргийг вакцинжуулах энэхүү ажлын хүлээгдэж буй үр дүн нь “Шүлхийтэй тэмцэх урт хугацааны стратеги” (2022-2028)-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
2022 оны эхээр Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж нийт 98 суманд бүртгэгдээд байсан. Энэ үед дээрх төслийн хүрээнд зөвхөн үхэр болон сарлагийн сүргийг дархлаажуулах стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газарт дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
2022 оны дөрөвдүгээр сард эхний үхэр сүргийн вакцинжуулалт хийгдсэнээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт хийгдсэн ба тандалтын үр дүнгээс харахад улсын хэмжээнд нийт сумдын 96 хувьд нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагдсан байна. Шүлхийн вакцин нь зургаан сарын хугацаанд л халдвараас хамгаалдаг тул 2022 оны 11-р сард сард хоёр дахь вакцинжуулалт хийгдсэн. Үхэр сүргийг вакцинжуулж эхэлснээс хойш шүлхийн дэгдэлтийн тоо огцом буурч нийт 10-аас дээшгүй тохиолдол бүртгэгдсэн байна.