“Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар төрийн өмчит компанийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, их хэмжээний дүнтэй өмгөөллийн үйлчилгээ авсан, санхүүгийн олон удаагийн зөрчилтэй аудитын дүгнэлт гарсан гэх мэдээлэл өнгөрөгч өдрүүдийн халуун сэдвүүдийн нэг байлаа.
Энэхүү мэдээллийг “Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар няцааж компанийг төрд авч, удирдлагаар нь очсоноос нь хойш эдийн засгийн үр ашиг ямар байсан талаар тайлбар өгсөн. Түүний хэлснээр “Цемент шохой” компанийг төр мэдэлдээ авснаас хойш буюу 2022 оны 4-р сараас 12-р сарын 31-ний хугацаанд:
350.000 тн цемент үйлдвэрлэсэн нь зорилтоос 1 хувь давсан
36.292 тн шохой үйлдвэрлэсэн нь зорилтоос 6 хувь давсан
Нийт 84.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого хийсэн нь төлөвлөснөөс 4 хувь давсан.
Түүнчлэн Аудитын дүгнэлтээр зөрчилд тооцоод байгаа 70 тэрбум төгрөг нь үйл ажиллагааны зардалд зарцуулагджээ. Ингэхдээ 2022 онд төлөвлөснөөр 1 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэх агуулгыг хэлсэн юм. Тэгвэл аудитын дүгнэлт яагаад зөрчилтэй гарав? ТӨХК-ийн ТУЗ гүйцэтгэх захирлаас илүү эрх мэдэлтэй, зарим тохиолдолд тэдэнд буулт хийхгүй бол ажил гацаадаг төвөгтэй нөхцөлд ажиллаж буйгаа хэвлэлийн хурлын үеэр онцолсон. Түүнчлэн үгэнд нь орохгүй, ашиг сонирхлыг гүйцэлдүүүлээгүйн төлөө зохион байгуулалттай өөрийнх нь эсрэг ажиллаж байгааг ч дурдсан юм. Бүр тодорхой хэлбэл тус компанийг удирдаж байсан “сахал” Д.Эрдэнэбилэгийн гэгдэх хүмүүс ч ТУЗ-д байгааг саяхантаа мэдсэнээ хэлэв.
Б.Буянхишиг санхүүгийн мэдлэгтэй байх шалгуурт тэнцэхгүй
“Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга Б.Буянхишиг нь байгаль орчны мэргэжилтэй аж. Харин дээрх ажлыг санхүүгийн нарийн мэдлэгтэй хийх ёстой байдаг аж. Аудитын хороог жил гаруй удирдахдаа Л.Наранбаатараас “ТЭЗҮ өгчих” гэх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй тулгалт хийж ирсэн аж. Тэрээр компанид ашиг сонирхлын зөрчилтэй, Засгийн газрын “шүгэл”, “шүүр” ажиллагаагаар шалгуулж буй хүмүүсийг хаацайлдаг, хуурамчаар гарын үсэг зуруулж, гүйцэтгэх захирлыг шахах ажлыг зохион байгуулж, нэг ёсондоо голлох үүрэгтэй оролцож яваа гэх. Үйлдвэрлэлийн бутлуур луу хорлон сүйтгэх санаатай үйлдэл ч гаргасан гэх.
З.Энхболд маск шахаж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлжээ
Хууль зүй дотоод хэргийн яамны Хяналт, шалгалт , үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нь Л.Наранбаатарыг ажил аваад удаагүй байхад үйлдвэрт маск шахжээ. Түүний ашиг сонирхлын зөрчилтэй шахалтад Л.Наранбаатар орж, маскийг нь нийлүүлсэн байна. Гэвч З.Энхболд ТУЗ-ийн хуралд компанийн зорилго, зорилтын эсрэг ярьж,шохойн үйлдвэр барихыг ч эсэргүүцжээ. Хөтөлд нэг ч өдөр амьдарч үзээгүй ТУЗ-ийн гишүүн нь энэ мэт эсэргүү байр сууринаас асуудалд хандах болсноор зөрчил, хагарал үргэлжилж буй аж.
Цементийн худалдаатай Д.Агар холбоотой юу?
ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Д.Агар нь Төрийн өмчийн хорооноос томилогдсон нэгэн. Компанийн гэрчилгээг авчирсан түүнд Л.Наранбаатар итгэл хүлээлгэж Дотоод хяналтын хэлтсийн даргаар томилжээ. Гэвч ажлаа туйлын хангалтгүй хийсэн, Шүүр ажиллагаагаар шүүрдүүлэх хүмүүсийг хамгаалж, хаацайлах болжээ. Мөн ажиллах хугацаандаа цементийн худалдаатай холбоотой хууль бус ажилд оролцсон тухай мэдээлэл эхнээсээ ирсэн гэх. Тэрээр Засгийн газрын шүүр ажиллагааны хүрээнд “мэргэжлээрээ 5 жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангаагүй тул хэлтсийн даргын ажлаа хүлээлгэн өгч ТУЗ-дөө үлджээ.
ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ Л.Наранбаатараас илүү эрх мэдэлтэй
Аливаа компанийн ТУЗ-ийн даргад их хэмжээний эрх мэдэл төвлөрдөг. ТУЗ-ийн дарга компанийн төлөвлөгөө, санхүүгийн тооцоог баталдаг. Харин Ц.Баяр-Эрдэнэ нэн шуурхай, яаралтай ажилд ч заавал тендер зарлахыг шаардаж, үйлдвэр зогсооход хүрсэн гэж үзэж буй. Тэрээр 2023 оны бизнес төлөвлөгөөг батлахад мөн л гацаа тээг болж, эрх мэдлээрээ хүнд суртуулж учруулдаг гэлээ.
Л.Наранбаатарын өөрийгөө өмгөөлсөн гэмээр хариу няцаалт нь ашиг сонирхлын зөрчилтэй ТУЗ-ийн гишүүдээ хүчрэхээ больж, эргээд шахалтад орсон, цаашдаа “Цемент шохой” ТӨХК хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болж, ТУЗ-ийн гишүүдийн ашиг сонирхол, хүнд суртлаас салах ёстой гэх агуулга байв.
Эх сурвалж: iVoice.mn