“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр яг нэг жилийн өмнө ажлаа авсан. Энэ хугацаанд компанийн үйлдвэрлэл, санхүүгийн нөхцөл байдал ямар түвшинд хүрснийг танилцууллаа.
Үйлдвэрлэлийн чиглэлд;
2022 онд 403,393 тонн цемент үйлдвэрлэсэн ба энэ нь 2021 онтой харьцуулахад, 81,425 тонноор илүү үр дүн байв. Харин шохойн үйлдвэрлэлийн тухайд, 2021 онд 44,054 тонн байсан бол 2022 онд 51,672 тонн болжжээ. “Цемент шохой” ТӨХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд технологийн шохой нийлүүлдэг стратегийн чухал үйлдвэр.
Мөн Хөтөл хотын 10 гаруй мянган иргэнийг дулаанаар хангадаг охин компани “Хөтөл энержи дулаан” ХХК 2022 онд 43,109 гКал дулаан үйлдвэрлэжээ.
Санхүү, эдийн засгийн чиглэлд;
“Цемент шохой” ТӨХК нь 2022 онд нийт 100.2 тэрбум төгрөгийн орлоготой, нийт зардал 85.5 тэрбум төгрөг. Хувийн өмчид байхад буюу 2015 оноос 2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд компанийн хуримтлагдсан нийт алдагдал 124.5 тэрбум төгрөгт хүрсэн. Төрийн өмчид шилжсэнээр цэвэр ашиг нь 11.6 тэрбум төгрөг болж, сүүлийн арван жилд анх удаа цэвэр ашигтай ажиллав.
Ажилчдын нийт цалингийн санг 10.8 тэрбум төгрөг байсныг хоёр дахин өсгөж, 2022 онд 20.6 тэрбум төгрөг болгосон ба ингэснээр дундаж цалин 1.2 сая төгрөг байсныг 2.1 сая төгрөг болгон нэмсэн. Улсын төсвийн төлбөрт
НӨАТ 11.3 тэрбум
Орлогын албан татвар 1.8 тэрбум,
НДШ-ийн 10.8 тэрбум гэхчилэн нийт 30.6 тэрбум төгрөгийг төлж, олон жил дамнасан ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын өр төлбөрийг 2022 онд төлж барагдуулав.Мөн борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг 2021 онд 1.11 төгрөг байсныг 0.86 төгрөг болгосон, өртөгт суурилсан менежментийн гэрээг хэрэгжүүлснээр зардлаа 5.4 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Хөрөнгө оруулалтын чиглэлд;
Хувийн өмчид байхдаа буюу 2021 онд тус компанид ердөө 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2022 онд өөрсдийн хөрөнгө оруулалтаар нийт 7.9 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн ба энэ хөрөнгө оруулалтыг сүүлийн 5 жилд хийгээгүй байсан. Тухайлбал, уурхайн техникийн шинэчлэлд хүнд даацын автомашин ширхэг, бульдозер, авто ачигч гэх мэт хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрлэлийн эхний шат дамжлага болох шохойн чулууны дундаж өртгийг бууруулсан.Мөн түрээсийн зардал, нэмэлт, нэмүү өртөг, уурхайн ажил гаднын компанийн хараат байдал зэргийг бууруулж, өөрийн гэсэн техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан байна. Хамгийн сайн мэдээ дуулгахад, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн гурван хэмжээст загвараар хийсэн нөөцийн урьдчилсан судалгаагаар Хөтөлийн шохойн чулууны ордын нөөцийг 40 жилээр нэмэгдүүлэн гаргасан.
Манай компанийн ТУЗ-ийн зарим гишүүн Д.Эрдэнэбилэг захиралтай холбоотой байсныг би одоо л мэдэж байна. Би 150 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, өр төлбөртэй компани хүлээн авсан. Супер хүчин чадалтай үйлдвэр гэж бодож байтал шохойн үйлдвэр нь маш их утаа гаргадаг, ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байв.
Судалгаа хийн, шохойн нөөцөө 40 жилээр уртасгав. Өмнө нь уурхайг сорчилж олборлосон. Энэ нь Эрдэнэтийн түүхий эд болно. Шохойн үйлдвэрлэлээ нэмнэ, хэвтээ зуух суурилуулна, утаа гаргахгүй. “Эрдэнэт”-ээс гадна “Оюутолгой” компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Тус үйлдвэр урлагийн тоглолт, Бумбын тахилга, архи согтууруулах ундаанд мөнгө зарцуулсан, сэтгүүлчдийн уулзалтад 500 мянган төгрөг зарцуулсан. Хэмнэлтийн хуулийг зөрчсөн гэх мэдээлэл гарсан. МҮОНРТ-д 7 сая төгрөг гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 17 сая төгрөг зарцуулжээ. Энэ талаар дараах хариултыг өглөө:
-Амарбаясгалант хийдэд болсон Бумбын тахилгад 5.9 сая төгрөг зарцуулсан. Манай үйлдвэрийн удирдлагууд 40 жилийн турш энэ ёслолыг үйлдсэн. Би очиж чадаагүй, манай инженерүүд очиж, үйлдвэрээ даатгаад ирсэн. Энэ ёслол олон мянган хүн оролцдог юм билээ. Үйлдвэрийн тогтсон уламжлал тул бид гар татаж чадаагүй. 60 мянган төгрөгөөр ажилчид шар айраг уусныг тогтоосон. Нийслэлд манай ажилтнууд бизнес төлөвлөгөө боловсруулах үетэй давхацсан. Гэхдээ чухам хэн шар айраг уусныг тогтоож чадаагүй, энэ төлбөрийг барагдуулуулсан. Хоол идэх үеэр шар уураг уусан байсан.
70.7 тэрбум төгрөгийн зөрчил буюу зардал бүртгэснийг Л.Наранбаатар идэж уусан гэж буруу дүгнэж байна. Компанийн 40 жилийн ойн хүрээнд үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор УЗ-ийн шийдвэрээр хэвлэлүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн ч олон нийт шүүмжилсэн тул зогсоосон.
Захирлын зөвлөлийн хурлаар төлөвлөсөн ажлууд ил болсон.
Аудитын тайланд 440 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэж дүгнэсэн. Зөрчил гэдэг нь тухайн байгууллага мэдээллээ дутуу өгсөн, мэдээлэл нь өөр хоорондоо нийцээгүй бол зөрчил гэж дүгнэдэг юм байна. 440 тэрбум төгрөгийн хулгай, залилан хийсэн мэтээр ойлгож болохгүй. Мэдээлэл хязгаарлагдмал болохоор аудит зөрчил гэж дүгнэдэг. 70.7 тэрбум төгрөгийн зөрчил буюу зардал бүртгэснийг Л.Наранбаатар идэж уусан гэж буруу дүгнэж байна. Бид аудитын байгууллагад бүх мэдээллээ цаасаар, файлаар, мэйлээр өгсөн. Гэвч аудит хүлээн аваад дүгнэлт гаргаагүй. Тэд манай компанийн борлуулалтын орлого, ашиг өссөн гэх мэт тоонуудыг дөвийлгөхийг хүсээгүй юу мэдэхгүй, дурдаагүй байна.
Аудит тайлангаа энэ сарын 5-нд гарган, манай ТУЗ-д өгчээ. Тайлан бэлдэх үеэр надтай цөөн уулзсан. Угаасаа уулзах ч шаардлага байхгүй. Манай компанийн ТУЗ-ийн зарим гишүүн Д.Эрдэнэбилэг захиралтай холбоотой байсныг би одоо л мэдэж байна. Тэдгээр хүмүүс сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Б.Отгон, өмгөөлөгч Мэргэн нараар тайлангийн зарим мэдээллийг цацуулсан. Би маш их харамсаж байна” гэлээ.
Тэрээр өөрт нь шахалт үзүүлсэн ТУЗ-ийн гишүүдийн талаар:
ТУЗ-ийн гишүүн, Аудитын хорооны гишүүн Б.Буянхишиг гэж эмэгтэй бий. Энэ хүн сүүлийн нэг жилд аудитын хороог даргалсан. Санхүүгийн мэдлэггүй, “Шүүр”, “Шүгэл” ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийг хамгаалдаг, хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, өөрөө гарын үсэг зурдаг. ТУЗ-ийн гишүүдээс тавьсан худалдан авалтын, хүн ажилд авах саналуудыг би хүлээн аваагүй тул одоо намайг балбаж байна. Энэ хүн төрд ажиллах эрхгүй. Үйлдвэрлэлд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн бутлуур руу лоом хийсэн тохиолдол бий. Хэн хийснийг би гадарлаж байна.
Хууль зүйн яамны Хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн дарга З.Энхболд мөн надад шахалт үзүүлсэн. Би ажлаа аваад удаагүй байхад амны хаалт шахсан. Би арга буюу саналыг нь хүлээн авсан. ТУЗ-ийн гишүүн атлаа дандаа эсэргүүцдэг, та нарт шинэ үйлдвэр хэрэггүй, хуучнаараа ажилла гэдэг. Өөрөө Хөтөлд амьдардаггүй.
ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Д.Агар гэж хүн бий. Энэ хүнийг Төрийн өмчийн хорооноос томилсон тул би итгэсэн. Гэтэл маш хариуцлагагүй ажилласан. Цементийн худалдаатай нэр холбогдсон тул би шалгуулна. Энэ гурван хүн манай компанийн ТУЗ болон төрөөс зайлах хэрэгтэй. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө л ажилладаг. Гүйцэтгэх захирлыг гүтгэн доромжилбол ТУЗ хамгаалах үүрэгтэй ч гэрээгээр хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй.
“Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөрүүлсэн нь маш зөв. ТУЗ буруу шийдвэр гаргавал үйлдвэр зогсоход хүрнэ. Тэд үйлдвэрийн төлөвлөгөө, тооцоог баталдаг. Эдгээр ажлыг гацаадаг, удаадаг.
Ц.Баяр-ЭрдэнэЦ.Баяр-Эрдэнэ гэж хүн бий. Мөн их асуудалтай.
Манай компанийн ТУЗ-ийн дарга, ТӨБЗГ-ын Удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга хүн. Шууд худалдан авалт хийх санал тавьсан ч энэ хүн зөвшөөрөөгүй, тендер зарлаахар дор хаяж 120 хонодог. Хугацаа алдсан тул үйлдвэр нэг сар зогсоон, энэ хооронд цементийн үнэ өссөн. Хариуцлагыг нь Ц.Баяр-Эрдэнэ дарга үүрэх ёстой. Хүнд суртал учруулдаг.
Эдгээр хүмүүсийг би ЗГХЭГ-т өгнө. Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн ч арга хэмжээ аваагүй.
-546 сая төгрөгийн үнэтэй байшин кран биетээр байгаагүй талаар аудитын тайланд дурджээ.
-Өмнөх буюу “Хөтөл” ХК өрөндөө энэ байшин краныг авсан юм билээ. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрт биетээр бий. Манай удирдлагууд тээвэрлэж авчрах үед аудитын шалгалт орсон.
-819 сая төгрөгийн үнэтэй, хэрэгцээгүй бараа худалдан авсан гэх асуудалд: Үйлдвэрийн нэг сарын бараа материалын эргэлт 4-5 тэрбум төгрөг байдаг. Нөөцгүй бол үйлдвэр таг зогсоно. Уул уурхай, эрчим хүчтэй, дулааны станц, төмөр замтай, шохой, цементийн, чулуулгийн гурван үйлдвэртэй, аж үйлдвэрийн том цогцолбор шүү дээ. Нэг ширхэг эрэг шураг дутаж болохгүй. 819 сая төгрөгийн барааны 40 хувь нь өмнөх үйлдвэрээс шилжиж ирсэн.
-215 сая төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ авсан гэх асуудалд:
-Ийм зүйл байхгүй. Нийт 60 орчим хуулийн маргаан бий. Бид компанидаа хуульчдын баг бүрдүүлбэл бидний хүч хүрэлцэхгүй. 35 сая төгрөгийн авлага цуглуулахын тулд 37 сая төгрөг зарцуулсан гэдэг нь мөн л худал. Энэ гэрээг н.Дэлгэрмаа захирал (аудитын компанийн захирал) та өнөөдөр олон нийтэд ил болгоорой, үгүй бол манай ажилтнуудаас уучлал гуйгаарай. Хуулийн олон маргаан бий тул аудит сөрөг дүгнэлт гаргажээ.
Бид 40 жилийн түүхэд анх удаа 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Үйлдвэр 820 орчим ажилтантай. Энэ онд бид биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болох ёстой. Нийт хувьцааны 10 хувийг олон нийтэд санал болгоно. Гэвч хуулийн орчинд саад байна. Засгийн газар ХК болохыг дэмжсэн.
Би Аудитын тайлангийн зарим зүйлтэй санал нийлнэ. Заримтай нь санал нийлэхгүй тул Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын эсрэг гомдол гаргана. Аудитын тайлан гаргахад хүнд байсныг би ойлгож байна. Учир нь үйлдвэрийн өмнөх удирдлагуудын эсрэг гаргасан шүүхийн маргаан үргэлжилж байна.
Хэрэв аудит хийхээс татгалзвал гүйцэтгэх захирал огцордог, удирдлагууд ажиллах боломжгүй болдог. Иймд манай компанид ажилласан, аудитын дүгнэлт гаргасан “Ди би эй жи аудит” компанид талархах хэрэгтэй. Тэд хараат бусаар ажилласан ч хэт субъектив дүгнэлт гарган, дүгнэлтээ бидэнд тулгалаа. Би аудитын тайланг хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зураагүй. Хүлээн авлаа гэдгээ батлан, гарын үсэг зурсан. Гэхдээ энэ дүгнэлтэд манай компани ашигтай ажилласныг дүгнэсэн. Бид өмнөх удирдлагуудаас 375 тэрбум төгрөг нэхэмжилснийг дүгнэлтдээ бичсэн байна лээ. Үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр үнэлбэл цаана нь 200 тэрбум төгрөгийн авлага үлдэнэ” гэлээ.