Тайваньд амьдардаг монгол залуу усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн 28 настай О Тайванийн Тайчун хотын Тайпин дүүрэгт байрлах хүрхрээнд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач Тайваньд амьдраад хоёр жил болж байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Хэрэг явдалтай холбогдуулан Тайвань дахь Монголын төлөөлөгчийн газраас одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Харин Тайвань дахь Монголын оюутны холбоо болон тус улсад суралцдаг монгол оюутан залуус, талийгаачийн найз нөхөд хандивын аян өрнүүлж, эмгэнэл илэрхийлсээр байгаа юм.
Учир нь, талийгаачийн ар гэрийнхэн Тайванийг зорих, цогцсыг нь Монголд авч ирж нутаглуулах зэрэгт санхүүгийн асуудал тулгарч байгаа тул оюутнууд ийнхүү сайн дурын хандивын аяныг өрнүүлж байгаа аж.
Талийгаач Увс аймгийн харъяат бөгөөд ар гэрийнхэн нь Улаанбаатарт ирж, Тайвань руу явах бичиг баримтаа хөөцөлдөж байгаа юм байна. Тэд монгол ёс заншлын дагуу талийгаачийн цогцсыг хүйтэн моргоос /шарил хадгалах газар/ цаг алдалгүй гарган авч, эх нутагт нь сайн өдөрт амжуулж, авч ирэхийг хүсч буйгаа хэлж байв. Гэвч хөдөөнөөс ирэх, гадаад паспортоо хүлээх, онгоцны тийз захиалах зэргээр хугацаа алдсан байна. Тэд өнөөдөр Тайванийг зорих гэж байгаа юм.
Монгол Улсын иргэн гадаадад ямар нэгэн асуудалд ороход тухайн улсад суугаа манай улсын Консулын болон Төлөөлөгчийн газар эс бөгөөс Гадаад харилцааны яам анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх учиртай.
Гэвч энэ хэрэг явдалтай холбогдуулан одоогоор аль аль нь ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.
Энэ талаар ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Л.Оюунтунгалагаас тодруулахад “Талийгаачийн ар гэрийнхэн бидэнд хандсан. Одоогоор бид ямар арга хэмжээ авч байгаагаа хэлэх боломжгүй байна. Дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэсэн хариуг өглөө.
Тайванийн албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэхүү эмгэнэлт хэрэг гарсан газар хүн хүрч очиход нэлээд хол, бартаа ихтэй бөгөөд хүчтэй бороотой байсан тул аврах ажиллагаанд нэлээд цаг зарцуулсан байна. Мөн Тайчун хотын засаг захиргаанаас уг хүрхрээг аюултай усны 12 бүсэд багтаасан байдаг тул загасчлах, сэлэх, шумбах, завиар аялахыг хориглодог бөгөөд "水深危險" буюу "danger deep water" гэсэн анхааруулга тавьсан байдаг аж.
Энэхүү хүрхрээнд сүүлийн гурван жилд таван хүн золгүй байдлаар амиа алдсан байна. Түүнчлэн уг газрыг аялагчид зорих нь зуны цагт ихэсдэг бөгөөд арлын иргэд энэ хүрхрээг "Үлгэрийн дагина" хэмээх нэрнээсээ илүүтэйгээр “ад шүгэлсэн” хэмээж тэр бүр очдоггүй аж. Тиймээс Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг хүчтэй бороотой өдрүүдэд тус газрыг зорихгүй байхыг анхааруулж байна.
Дашрамд, Сайхан сэтгэлт, элэг нэгт монгол ахан дүүс та бүхэн талийгаачийн ар гэрийнхэнд дэм, туслалцаа үзүүлэхийг хүсвэл Буянжаргал овогтой Буянзаяахын Хаан банкны данс 5035379070-д сэтгэлийн хандиваа өргөж болох /талийгаачийн төрсөн дүү/ юм. Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.