Коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ оны гуравдугаар сарын 6-наас УОК-ын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулж ногоон түвшинд шилжсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлээд коронавирусийн шалтгаант нас баралт огт бүртгэгдээгүй. Гадагшаа явах урсгалтай холбоотой PCR шинжилгээ хийлгэж буй хүмүүсээс долоо хоногт 1-2 эерэг тохиолдол илэрч байгаа. Гэхдээ эдгээр тохиолдол урьд нь КОВИД-19 тусаад эдгэрсэн хүнээс шинж тэмдэггүй илэрч байна гэсэн үг.
Одоогоор Монгол Улсад гуравдугаар сарын 17-ноос хойш коронавирусийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Ямар нэгэн хорио цээр байхгүй ногоон бүс болсон гэж ойлгож болно.
Шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Долоо хоногт баруун, зүүн, төв, хилийн бүсээс гээд 1,000 орчим сорьцоос шинжилгээ авахад сөрөг гарч байна.
Эрүүл мэндийн сайдын А22 ажлын хэсэг урд хөрш боомтоо нээсэнтэй холбоотой орж ирж буй хүмүүсээс эхний ээлжид түргэвчилсэн оношлуур, дараа нь түүврээр ПСР шинжилгээг авдаг бөгөөд одоогоор бүгд сөрөг гарсан. Хятад, Япон, Солонгос улсад коронавирусийн тохиолдлын тоо бүртгэгдэж байгаа. Тиймээс хилийн нэвтрэх цэг дээр томилолтын баг үйл ажиллагаа явуулж байна.
ДЭМБ-аас мэдээлснээр бусад улс оронд коронавирусийн тохиолдол бүртгэгдэж байгаа учраас шинэ хувилбар гарах магадлалтай. Тиймээс сэрэмжээ бүү алд, тандалт судалгаагаа үргэлжлүүл гэсэн чиглэл өгсөн" хэмээн ярилаа.
Эх сурвалж: Ikon.mn