“Дэлхийн Монгол” Төрийн бус байгууллагын зөвлөлөөс өчигдөр Төв аймгийн Заамар сумын Туул голын савыг ухаж, сүйтгэж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл “Монполимет” ХХК-ийн Геологи, Уул уурайн албаны дарга Г.Баянмөнх, Тосон үйлдвэрийн ерөнхий инженер Д.Ганбат нар өнөөдөр хариу тайлбар өглөө.
Тэд “Монполимет” ХХК-ийн Тосон үйлвэрийн үйл ажиллагааны тухай ард иргэдэд ташаа мэдээлэл өгсөн гэв. Геологи, Уул уурайн албаны дарга Г.Баянмөнх “Манай байгууллага 1992 онд байгуулагдсан. Одоогоор уул уурхай, болон барилгын материалын чиглэлээр үйл ажиллаа явуулдаг. Мэргэжлийн боловсон хүчинтэй. Шинэ технологийг нэвтрүүлж ажилладаг. Уул уурхайн салбарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаараа танигдсан үндэсний хөрөнгө оруулагч компани юм” хэмээн онцолж байв.
Түүнчлэн Төв аймгийн Заамар сум болон Булган аймгийн Бүрэгхангайд үйл ажиллагаа явуулдаг. Тосон үйлдвэрийн хувьд 10 орчим жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монголын уул уурхайн салбарт Монполимет” ХХК Тосон уурхай болон нөхөн сэргээлтээрээ жишиг уурхай болгож чадсан юм. Уул уурхай нь өөрөө онцлогтой салбар. Олборлолт явуулж байгааг энгийн иргэн харахад арай өөр дүр зураг харагддаг. Хамгийн гол нь байгалийнхаа баялгийг зүй зохистойгоор ашиглаж, буцаан нөхөн сэргээлт хийдэг гэдгээ цохон тэмдэглэв.
Монполимет” ХХК уул уурхайн салбарт 25 жил ажиллахдаа Заамар болон улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг хоёр удаа явуулж байжээ. Уг ажлын хүрээнд манай улсад ижил түвшинд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудад хэрхэн зөв зохистой ажиллаж болдог талаар үлгэр дуурайл болж байсан талаар дурдлаа.
Тус компаниас биологийн нөхөн сэргээлтийн сургалтыг үе шаттайгаар танилцуулж байжээ. Үүнээс гадна энэ удаа уул уурхай болон нөхөн сэргээлт хоорондоо хэрхэн уялдаатай байдаг талаар сургалт явуулахаар зэхэж байгаа аж.
“Манай Тосон үйлдвэрийн үйл хаалтын түвшиндээ явж байгаа учраас эндээс иргэдэд ямар үр өгөөж өгч болох боломжийн талаар судалгаа явуулж Тосон нуур бий болгож хүлээлгэж өгсөн байдаг. Мөн мод тарих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бэлчээр бий болгох зэрэг үйл ажиллагааг хийж байгаа. Өөрөөр хэлбэл ард түмэндээ хүлээлгэн өгөхдөө бэлдэж байгаа гэсэн үг” хэмээн “Монполимет” ХХК-ийн Геологи, Уул уурайн албаны дарга Г.Баянмөнх нар үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Тэд жил болгоны Уул уурхайн тайлангаа холбогдох яамдуудад гарган, төлөвлөгөөгөө батлуулдаг байна. Энэ хүрээнд төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг аж. Түүнчлэн өчигдөр тус компанийг туул гол бохирдуулж байгаа талаар мэдээлсэн. Харин энэ талаар “Бид туул голын ойр орчим болон голд үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль болон шаардлагатай технологийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг юм. Ашигт малтмалын ордын хувьд шороон ордыг устай болон усгүй гэж хуваадаг. Манай үйлдвэр бол устай бөгөөд эко технологи байдаг. Туул голын бохирдолд бидний хийж байгаа ажил хамаагүй. Туул гол руу бохирдлоо гаргадаггүй” гэж тайлбарлалаа.