Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд авчирлаа. Интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад түүний нэр багтсан юм.
Сэжигтнийг гадаад улсаас албадан авчирч буй анхны тохиолдол болж байна. Гадаад улсаас албадан авчрах ёстой цаана нь 20 гаруй хүн бий.
Филиппин явсан багийн бүрэлдэхүүнд Хууль зүйн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд нар багтжээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар:
- Манай явсан баг, бүрэлдэхүүн хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай уулзаж бичгээ гардуулсан. Энэ хүрээнд Т.Бадамжунайн гадаад пасспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах утга бүхий албан бичиг хүргүүлсэн. Тиймээс Филиппин улсын цагдаагийн газраас түүнийг албадан саатуулсан ба энэ нь 10 гаруй цаг үргэлжилсэн. Иргэн Т.Бадамжунай өөрөө албадан гарахдаа асуудалгүй, эсэргүүцэл үзүүлэхгүй нутаг буцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Эхний ээлжид сэжигтнээр тооцон баривчилгаа явуулж байна, цаашид цагдан хорих, таслан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх байх. Гадаад харилцааны шугамаар бусад хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтээ хүргүүлсэн.
Т.Бадамжунай нь авлигын хэрэгт холбогдсон бөгөөд 2018 онд буюу хэрэгт шалгагдаагүй байхдаа Замын-Үүд боомтоор эх орноосоо гарч байв.
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р бүлэгт заасан Авлигын хэрэгт холбогдуулан түүнийг шалгаж байна. Т.Бадамжунайг яллагдагчаар татаж мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрөөс эхлэн сэжигтнээр баривчилсан ба цаашид хуулийн дагуу үйл ажиллагааг явуулна.
Монгол Улстай Авлигын конвенцийн хүрээнд мэдээлэл солилцож, эрхзүйн хүрээнд харилцан туслах гэрээтэй 20 гаруй улс бий. Сэжигтнийг гадаад улсаас албадан авчирч буй анхны тохиолдол байх. Гадаад улсаас албадан авчрах 20 гаруй хүний нэр бий. Иргэний гэм бурууг зөвхөн шүүх шийднэ. Шүүхээр шийдвэр гарсны дараа эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлдэг.