Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийж байна. Өнөөдөр "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийж байгаа юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм байна.
"2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдэвт өглөөний уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүдээс гадна төрийн өмчит "Эрдэнэс Монгол", "Эрдэнэт"-ийн удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир, "Макс" группийн захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Уул уурхайн биржийг Монгол Улс уул уурхайн салбарт ашиглахад бэлэн болсон. Уул уурхайн биржийн хууль энэ оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлнэ. Одоо биржээр нүүрсээ арилжаад эхэлсэн. Үр дүн гарч байна. Тонн нь 70, 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 170-180 ам.доллар болж өссөн. Цаашдаа биржээр зөвхөн нүүрс биш зэс, төмөр, жонш арилжаалдаг болно. Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байна. Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд ашигт малтмал олборлолтоос боловсруулат руу шилжих бодлогыг барьж ажиллаж байгаа. Монгол Улс газрын ховор элементийн салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой. Гаднын улс орнууд, томоохон компаниуд, мэргэжилтнүүд Монгол Улсыг маш их сонирхож байна" гэлээ.